МОНГОЛ УРАН БҮТЭЭЛ

by Oyungerel Tsedevdamba


    Анх солонгос савангийн дуурь гарч байхад бүх хүн шинэ соргог зүйлийг сонирхож байсан бол 2013 он гэхэд олон мянган хүн “Хүүхдүүд маань Солонгосжиж орхилоо. Монгол соёл хаачив аа” гэж сураглаж эхлэв. Энэ бүхэн амнаас ам, жиргээнээс жиргээ,  фэйсбүүкийн нүүр хуудас дамжсаар  манай гэрт орж ирлээ.
    
    “Ээж та соёлын сайд л юм бол ганц л ажил хийж өг” гэж хүү Б.Идэр-Од маань оройн хоолны дараа нухацтай нь аргагүй хэлэв. “Бидний үеийнхэнд  монгол соёлоо үлдээе гэж бодож байвал та хүмүүсийн шүүмжлээд байгааг сонс” гэв.
    
    Солонгос киног нэр зааж “ад үзэх” нь ардчилсан шийдэл биш байлаа. Тэр тусмаа Монгол Улс 1992 онд Дэлхийн худалдааны байгууллагад элсэхийн тулд юу амласныг эдийн засагч мэргэжилтэйн хувьд, ардчилал, нээлттэй зах зээлийг хөгжүүлэхийн төлөө анхнаас нь ажиллаж ирсэн хүний хувьд би маш сайн санаж байв. Манай хойд хөрш Оросын Холбооны Улс гэхэд л Дэлхийн худалдааны байгууллагад элсэх гэж хэчнээн олон жил зүтгэж, олон улстай энэ асуудлаас болж хэл ам болж байсныг ч мартаагүй. Тэр бүхэнд дэлхийн зах зээлийг өмөөрч дэмжигч Дэлхийн худалдааны байгууллага “Гадаадын гэдгээр нь аливаа бараа таваарыг алагчлахгүй байх ёстой” гэж шаардаж ирсэн.
    
    Ингэхэд соёлын асуудал дээр, глобальчлалын цаг үед ардчилсан орнууд яаж ханддагийг судлахаар шийдэв. Энэ судалгааны явцад нэгэн гайхалтай мэдээлэл олсон нь 1996 онд Уругвайд болсон Тариф, Худалдааны Ерөнхий Хэлэлцээрийн хуралдааны шийдвэр байв. Энэ шийдвэрийн дагуу телевиз, дэлгэц, радио, хөгжмийн бүтээлүүд нь чөлөөт зах зээлийн хуулийг дагах албагүй бөгөөд улс орон бүр өөрийн соёлын дархлааг хадгалахын тулд гадаадын бүтээлийг өөрийн орны зах зээлд нэвтрүүлэхэд квот тогтоож болно гэдгийг Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн хоёроос бусад бүх улс орнууд хүлээн зөвшөөрсөн тогтоол гаргажээ.
    
    Энэ тогтоол монголчууд бидний хувьд Дэлхийн худалдааны байгууллагын бусад гишүүдийнхээ эсэргүүцэлтэй тулгарахгүйгээр соёлын бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлд түлхүү гаргах бүрэн эрхийг өгчээ. Энэ бүрэн эрхийг бидний эргэн тойрны улс орнууд идэвхтэй хэрэглээд эхэлчихсэн аж. Манай зах зээлийг олон ангит киногоороо “булж” байгаа солонгосчууд гэхэд л Уругвайн тогтоолын дараахан Солонгосын телевиз, кино театр, радиод үндэсний соёлын бүтээгдэхүүн 50 хувиас доошгүй байх хууль гаргахдаа Францын киноны хуулийг эх загвар болгож ашигласан байна.
    
    Ийн шийдэл олоод удаагүй байтал Монголын Үндэсний телевизийн бямба гарагийн зочны цагт “Солонгос киноны асуудлаар” орно уу гэж намайг дуудлаа. Үндэсний телевизийн шууд ярилцлагад дуудагдана гэдэг бол олон түмний шахалт шаардлага дээд цэгтээ хүрсэний илрэл бөгөөд би тус нэвтрүүлэгт орохдоо “Манай яам Соёлын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл бэлтгэж, өргөн барьж, үндэсний уран бүтээлийг түлхүү үзүүлдэг болгоно” гэж амласан юм.
    2013 оны аравдугаар сарын 19-нд сэтгүүлч Х.Эрдэнэбулгантай хийсэн ярилцлагаас хойш нэг жилийн дараа “Соёлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа.Энэ өөрчлөлтөөр цөөхөн хэдэн зүйл зохицуулагдсан байв. “Үндэсний кино”, “Үндэсний нэвтрүүлэг” гэсэн ойлголтуудыг Соёлын тухай хуульд оруулж, телевиз, радио, кино театр, АйПи телевизийн уран сайхны хөтөлбөрт үндэсний нэвтрүүлгийн квот тогтоох санал оруулсан юм.
    
    Хууль өргөн бариад хэлэлцэж амжаагүй байтал ССАЖЯ татан буугдсан учир шинээр байгуулагдах Засгийн газрын БСШУ-ны сайд хуулийн төслийг маань татан авчих вий гэсэн болгоомжлол байсан юм. Харин аз болоход Шинэчлэлийн Засгийн газарт мөр зэрэгцэн ажилласан сайд Л.Гантөмөр дараагийн засагт хэвээр үлдсэн тул тэрбээр хуулийг дэмжлээ.
    
    Удсан ч үгүй хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх болоход төсөл маань бөөн эсэргүүцэлтэй тулгарах нь тэр. 2012-2013 онд үзэгчдийн зүгээс ширүүн шахалтад орж байж бичигдсэн хуулийн төслийн маань 2014 оны гол эсэргүүцэгчид нь телевизийн төлөөлөл болов.
    
    Ирэх сонгуульд нэр дэвших юмсан, дахиад УИХ-д гарчих юмсан гэж мөрөөдсөн бол би Соёлын тухай хуулийн нэмэлтийг санаачлах, зүтгүүлэх ёсгүй байж. Бүх телевизийн дарга нарыг уурлуучихаад яаж улс төрд үлдэх билээ!
    
    Гэвч надад дахин нэг сонгууль бодох илүү хүсэл байсангүй. Харин телевизийнхэнд таалагдахгүй байгаа хуулиа тэдэнд ядахдаа бага ч гэсэн хүлээн зөвшөөрөгдөх хувилбар руу оруулах ёстой юм байна гэдгийг тэдний шүүмжээс олж харав. Ингээд хэвлэл мэдээллийн өдөр тутмын ширүүн шүүмжлэл дунд телевизийн олон нийтийн байгууллагуудтай яриа хэлэлцээг эхлүүлэв.
    
    Төрийн ордонд өргөн нэвтрүүлгийн болон кабелийн телевизүүдийн удирдлага, кино театрын төлөөлөл, радио, Ай Пи телевизүүдийн төлөөллийг дэс дараатай хүлээн авч уулзан тэдний саналыг сонсож, монгол уран бүтээлийг яаж томьёолбол телевизүүдийн өнөөгийн менежмент дааж давах хэлбэрээр Монгол соёлыг нэмэгдүүлэх вэ гэдгийг ярилцаж тохирлоо.
    
    2015 оны хоёрдугаар сар гэхэд ширүүн маргаан нэгэнт намжиж хууль маань батлагдсан бөгөөд уг хуулийг 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс  мөрдөж эхлэв.
    
    Өдгөө Соёлын тухай хуулийн өөрчлөлт мөрдөгдөж эхлээд тун удаагүй. Хүмүүс телевизээр үзэх гадаадын уран бүтээл багассанд бухимдаж сошиал сүлжээгээр монгол уран бүтээлээ газар доор ортол нь шүүмжлэх үе шатыг бид туулж байна. Яг гурван жилийн өмнө гадаадын уран бүтээлийг багасгаад өгөөч, үр хүүхдээ монгол хүн болгомоор байна гэж үүнээс ч чангаар шуугиж байсан билээ.
    
    Монголын уран бүтээл бага байна, муу байна гэж ярьж байгаа өнөөгийн манай дүр зураг 1960-аад оны Франц, 1990-ээд оны Солонгост болоод өнгөрсөн  үзэгдэл. Тэд ч бас манайх шиг хууль гаргаж байж өөрсдийн уран бүтээлийг нэмэгдүүлсэн, эхэндээ өөрсдийн уран бүтээлийг голсон.

    Харин өнөөдрийн энэ түр зуурын шүүмжлэлийг бид монгол уран бүтээлийг хөгжүүлж, нэмэгдүүлж байж л өөрчилж чадна.

    Монгол уран бүтээлийг нэмэгдүүлэх зорилгоор ССАЖЯ-наас санаачлан 2014 оны наймдугаар сарын 9-нд Засгийн газрын тогтоол гаргуулсан юм. Тогтоолын төсөл дээр мэргэжилтэн Алтанцэцэгийг голлон ажиллуулав. Энэ тогтоолын дагуу монгол уран бүтээлийг кино, телевиз, радио, цахим орчинд болон бусад хүрээнд 2025 он хүртэл хөгжүүлэхэд жил бүр улсын төсөвт хөрөнгө тусгахаар тогтсон юм.

    Ингэхдээ үндэсний мэргэжлийн уран бүтээлчдийн шинэ уран бүтээлийн нийлүүлэлтийг телевиз, радио, цахим орчинд нэмэгдүүлэх, уран бүтээлийг цахим хэлбэрт хувиргах, зах зээлд нийлүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, цахим орчин дахь үндэсний уран бүтээлийн эзлэх хувийг  нэмэгдүүлэх, монгол ардын уламжлалт болон дахин давтагдашгүй үндэсний уран бүтээлийг түгээн дэлгэрүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, соёлын биет бус өвийг цахим орчноос суралцах боломжийг бүрдүүлэх, үндэсний агуулгатай уран бүтээлийн урын санг баяжуулах, архив болон хувь хүнд хадгалагдаж байгаа монгол уран бүтээлийг сэргээн ашиглах, хадгалалт хамгаалалтыг сайжруулж цахим уран бүтээлийн хадгалалтын нэгжийг бүрдүүлэх, дэмжихийг стратегийн зорилт болгож томьёолсон билээ.
    
    Тайз, дэлгэцийн уран бүтээл, уран зураг, ном зохиолын тухайд төрийн уламжлалт дэмжлэг үргэлжлэхийн зэрэгцээ даяаршсан нийгэмд монгол хүний соёлын хэрэгцээг хангахын тулд “Монгол уран бүтээл” хөтөлбөр шиг цахим, телевиз, радио орчин руу хандсан хөтөлбөр яах аргагүй хэрэгтэй болох нь судалгаагаар тогтоогдсон учраас энэ хөтөлбөрийг анх санаачилж батлуулсан нь тэр.

    Ингээд 2015 оны төсөвт “Монгол уран бүтээл” хөтөлбөрийн хэрэгжилтэд зориулж 10 тэрбум төгрөг суулгуулахаар төсөвлөж УИХ-д өргөн барив.

    УИХ-д 2014 оны намрын чуулганаар ирэх 2015 оны төсөв хэлэлцэх үед ширүүн маргаан боллоо. Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороонд соёлын төсвүүдийн урьдчилсан хэлэлцүүлэг болох үеэр “Монгол уран бүтээл” хөтөлбөрийн 10 тэрбум төгрөгийг хасах саналыг МАН-ын бүлгийн гишүүд гаргажээ. Шалтгаан нь “АН-ынхан телевизүүдийг хахуульдах гэж байна” гэсэн хардалт!

    Ойрын ирээдүйд болох сонгууль угтсан хардлагаар ийнхүү холын ирээдүйд хамгаалагдах соёл, уран бүтээлийн зардал хасагдав аа. Тэр өдрийн хурал дээр би уураа барьж дийлсэнгүй. “Монгол уран бүтээл” хөтөлбөрийн төсвийг нэг ч төгрөг үлдээлгүй хасах санал ганц хоёрхон хүний зөрүүтэй дэмжигдэнгүүт би тэсч чадалгүй хурлыг орхиж Төрийн ордны “Б” танхимаас гарав. Сонгууль бодохгүйгээр соёлоо дэмждэг тэр цаг үе хэзээ ирэх вэ?
    
    Энэ хөтөлбөрт хэзээ нэгэн цагт төсвөөс хөрөнгө хуваарилна гэж найдна. Учир нь тэр хөрөнгө бол монгол уран бүтээлчдийн хийх олон ангит хүүхэлдэйн кино, уран сайхны кино зэргийг дэмжиж, монгол хүүхэд залууст үндэсний бүтээл үзэх сонголтыг бий болгох юм. Энэ зуур төрийн дэмжлэггүйгээр уран бүтээлүүд туурвигдсаар л байх бөгөөд тэднийг нэмж дэмжвэл авьяаслаг монголчууд өөрийн дотоод зах зээлээ өрсөлдөөнт уран бүтээлээр дорхноо дүүргээд монгол уран бүтээл, монгол авьяастнууд тив дэлхийд халин гарах юм.
    
    Үнэхээр ч монгол уран бүтээл дэлхийд халин гарахаар тал талд дуншиж эхэлсэн. Тийм ч учраас гадаадад айлчлах, гадаадын өндөр хэмжээний зочид, дипломат төлөөлөгчидтэй уулзах бүртээ монголын уран бүтээлчдийн бүтээл, тоглолтыг өөрсдийн зах зээлд дэмжинэ үү гэсэн хүсэлт гаргаж тодорхой гэрээ, төлөвлөгөө гаргахыг хичээж байв.
    
    Амжиж батлагдсан нь зөвхөн БНХАУ-ын Соёлын яамтай хийсэн гэрээ боловч яриа үргэлжлэх боломж олон газарт, ялангуяа Европын Холбооны улсуудтай нээлттэй үлдсэн билээ.

    “Монгол уран бүтээл” хөтөлбөрийг боловсруулж, хэлэлцүүлж, батлуулж, төсвийг төлөвлөх явцдаа ССАЖЯ монгол уран бүтээлийг дэлхийн зах зээлд гаргах үйл ажиллагааг хэрэгжүүлж туршиж байв. Юуны өмнө гадаадын музейнууд Монголын түүх дурсгалын үнэт үзмэрийг авч үзэсгэлэн гаргах хүсэлтээ илэрхийлэхэд нь эелдэгхэн татгалзахын ялдамд “Та манай орчин үеийн зураач, барималчдын бүтээлийг сонирхоно уу, тэдний бүтээлийг гадаадын ямар ч үзэсгэлэнд гаргахад бид дэмжих болно” гэсэн хариуг өгдөг байлаа. Мөн хувийн галерей, зураачдын байгууллагаар дамжин орчин үеийн уран бүтээлчдийн бүтээлийг дэлхийн зах зээлд танилцуулах бүх л үйл ажиллагааг бололцооны хэрээр дэмжив.

    Нью-Йорк, Токио хотноо Ариунаа Сури, Катя Зол зэрэг Монголын дизайнерууд өндөр хэмжээний загварын шоунд оролцоход нь ССАЖЯ дэмжсэн. Тэдэнд бид “Монгол материал, түүхий эд ашиглаж бүтээ” гэдэг ганцхан санал хэлдэг бөгөөд “Монголын бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд ойртуулж “моодонд” оруулах нь та бүхний авъяасаас эх оронд тань олдох хамгийн том олз” гэж ятгадаг байв.
    
    Олон ангит “Марко Поло” кинонд монгол жүжигчид тоглуулах ажлыг гардан хариуц гэдэг үүргийг өөрийн зөвлөх М.Оргилд даалгасан. М.Оргил өмнөхөн нь ССАЖЯ-ны соёл, урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан ба тэрбээр “Марко Поло”-гийн продюсертэй холбогдон уран бүтээлчдээ тус кинонд тоглуулах ажлыг амжилттай эхлүүлж, өдгөө “Марко Поло” цувралын хоёрдугаар хэсэгт илүү олон монгол хүн оролцуулах ажлыг амжуулж явна. Тэрбээр “Авьяаслаг Азичууд” нэвтрүүлэгт “Хөсөгтөн” хамтлагийг оролцуулах гэх мэт ажлуудыг ч зохион байгуулсан.

    Циркийн урлаг, дуурийнхан, Морин хуурын чуулга, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгынхан, рок, попынхон маань олон улсын тайзнаа алт мэт гялалзсаар байв. Харин Драмын урлагийнханд дэлхийн тайз хүрч үзээгүй талбар нь байлаа. Энэ талбарт УДЭТ-ийн жүжигчин Ц.Баясгалан “Эдит Пиаф” хэмээх ганц хүний жүжгээр өрсөлдөж, ЮНЕСКО-гийн өндөр зэрэглэлийн шүүгчтэй тэмцээнээс Гран При шагнал хүртэв. Энэ нь Засгийн газраас соёл, урлагийн амжилтад олгодог мөнгөн шагналын дээд хэмжээ буюу 65 сая төгрөгийн шагнал авах эрхийг түүнд олгосон төдийгүй драмын урлагт цоо шинэ хуудас нээсэн билээ.

     Монгол уран бүтээлийг дэлгэцээр хүргэх, гадаадад сурталчилахаас илүү чухал нэг зүйл бол хөдөөгийн үзэгчдэд ойртуулах ажил байв. ССАЖЯ өөрийн багахан төсвөөсөө мэргэжлийн театрууддаа хөдөөгийн аялан тоглолтын мөнгийг хувь тэнцүү хуваарилж ирэв. Ингэснээр олон жил тасалдаад байсан хөдөөгийн аялан тоглолтуудыг Дуурийн театр, ҮДБЭЧуулга, ҮДЭТеатр, Улсын филармони, Хүүхэлдэйн театрынхан 2013, 2014 онд амжилттай зохион байгуулж бүх аймагтаа хүрч очлоо.  

Copyright 2016 Oyungerel Tsedevdamba

Contact me directly at oyunlt@gmail.com