БАТААР

by Oyungerel Tsedevdamba


    ... Хоёр хоногийн дараа эх орноос тань гаралтай байж болох ховор олдворыг худалдаалах дуудлага худалдаа дэлхийн бөмбөрцөгийн нөгөө талд болно. Магадгүй энэ худалдаа хууль бус байж болох юм. Энэ тухай долоо хоногийн ажлын сүүлийн өдөр та мэдсэн. Дараагийн хоёр хоног бол амралтын өдрүүд. Та соёлын тухай шийдвэр гаргах эрх мэдэлгүй, та соёлын сайд биш. Та жирийн нэгэн Монгол Улсын иргэн. Тэгээд ч танд дэлхийг тойрон нисэж очоод тэр дуудлага худалдаанд нөлөөлөх боломж байхгүй.
   
    Энэ тохиолдолд та яах байсан бэ?
    Батаарын түүх ингэж эхэлдэг. 2012 оны тавдугаар сарын 18-нд миний хувьд жирийн л нэг өглөө. Би цайгаа ууж, “норм”-ын хоёр зүсэм талхаа идчихээд гарах гэж байлаа. Сонгууль ойртсон тул квотоор нэр дэвших эмэгтэйчүүдийнхээ нэрийг Ардчилсан намын дарга Н.Алтанхуягтай урьдчилан тохирох санаатай намын байр, эмэгтэйчүүдийн холбоон дээр ажиллахаар төлөвлөв.
   
    Гэрээс гарахын өмнө Жефф гал тогоонд орж ирээд “Тиранозавр Батаарыг Нью-Йоркт зарах гэж байгаа гэнэ, чи тэр мэдээг үзээч” гэлээ.
    “Би завгүй байна, одоо гарлаа” гээд үүд рүү зүглэтэл хэр барагтай намайг зогсоодоггүй нөхөр маань захнаас угз татах шахам зогсоогоод,
    “Үгүй ээ, чи заавал үз. Гарал үүслийг нь зарлал дээрээ тодорхой бичээгүй байна, Монголынх байх аа” гэлээ.
    Гэнэт “Нээрэн Монголынх болоод л батаар гэдэг байх” гэсэн бодол зурсхийн орж ирээд, нөхрөө даган түүний компьютер руу очлоо.
   
    Бидний уншсан мэдээнээс үзэхэд Т-Батаар үнэхээр Монголынх байхаар сэжиг төрж байв. Тэглээ гээд би палеонтологич биш яахин ялгаж мэдэх билээ, тэгээд ч бас  хуульч биш болохоор америкчуудтай хэрхэн яаж заргалдах. Бас тэгээд би тэр үлэг гүрвэлийн эзэн нь биш болохоор... гээд л дандаа үл бүтэх үндэслэлүүд толгойд харван орж ирэх нь тэр.
   
    Энэ зуур Жефф надад монголчууд үлэг гүрвэлээ яаж авчирч болох тухай ойлгомжгүй томьёолол яриад байв. Тэр олон хуулийн нэр томьёоноос түүний дахин дахин дурдаад байсан үг нь “temporary restraining order” гэдэг үг байв.
   
    “Юу гэсэн үг юм бэ, наадах чинь” гэж би асуунгаа тэрхүү үл бүтэх шинжтэй ажлыг сонирхоогүй хэвээр байв.
   
    “Энэ бол танай Монголоос хэн нэгэн төрийг төлөөлөх албан тушаалтан үндэслэлээ сайн гаргаад, зарга үүсгэвэл дуудлагын худалдааг түр хориглох тухай нэг шүүгчийн шийдвэрийг шүүх хуралгүйгээр гаргуулж болно гэсэн үг” гэдэг байгаа.
    Гэхдээ Батаар Монголынх гэдгийг мэдэх хэрэгтэй байв. Палеонтологич М.Болорцэцэг хамгийн түрүүнд санаанд орж ирлээ. Түүн рүү лавлаж захиа бичээд , “Монголынх” гэдэг үндэслэл байвал хоёр хоногт амжаад нэг шүүгчийн захирамж гаргуулж болох ажээ.
   
    Нэг л мэдэхэд би сонгууль, эмэгтэйчүүд, ажлаа мартаад үлэг гүрвэлийг яаж авчрах вэ гэдэг оньсогыг тайлахаар улайрчихав. И-мэйлээ нээж үзтэл над руу Минжингийн Болорцэцэг аль хэдийн захиа биччихжээ. “Оюунаа эгч ээ, энэ үлэг гүрвэлийг аваарай, Монголынх шүү. Өөр хаана ч олдоогүй зүйл. Төрийн өндөр албан тушаалтанд  энэ мэдээг хүргээч” гэсэн байлаа.
   
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхийнхөө давуу талыг ашиглахаар шийдэв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж руу утасдахад 9 цаг 30 минут болж байлаа.
   
    “Чамд үлэг гүрвэл ямар хамаатай билээ, чи юу яриад байна?” гэж Ерөнхийлөгч гайхсан боловч ямар ч байсан намайг өрөөндөө 11 цагт хүлээж авахаар цаг өгсөн юм.
   
    Ерөнхийлөгчтэй уулзах 15 минутад би палеонтологийн талаар уншсан хэдэн номоо бүгдийг нь үзүүлэнгээ “Би ямар ч байсан энэ талаар хоосонгүй, ойлголттой хүн” гэдгээ багахан хэмжээнд нотлоод, бас “Энэ олдвор Монголынх байж магадгүй тул дуудлагын худалдааг хойшлуулахыг хүсэж байна гэсэн мэдэгдэл гаргаад өгөөч” гэж гуйлаа.
   
    Ерөнхийлөгч “үгүй” гэж хэлсэн бол Батаарын хэрэг үүгээр дуусгавар болох байв. Учир нь яг тэр баасан гарагт БСШУ-ны сайд  Ё.Отгонбаяр хөдөө явж таарав. Засгийн газрын тэргүүн ч байгаагүй бөгөөд улсаа төлөөлөн соёлын өвийг нэхэмжлэх хүн хайхад хэцүү болжээ. Ингээд Ерөнхийлөгчийн амнаас гарах шийдвэрийг хүлээн нам гүм суулаа.
   
    “Монголынх биш байвал яахав?” гэж Ерөнхийлөгч гэнэт асуув. Өөрийнхөө нэр хүнд, улс төрийн капиталаар эрсдэл гарган, гадаадын нэгэн дуудлага худалдааны компанитай хэл ам хийх гэж байгаа Улсын Ерөнхийлөгч шүү дээ. Улсаа ч, өөрийгөө ч бодсон байлгүй, ингэж асуух нь зүйн хэрэг байлаа.
   
    “Таны мэдэгдэл бол эхний ээлжинд эзэн, харьяаллыг олтол дуудлага худалдааг түр хойшлуулж өгөөч гэсэн болгоомжлолын хэлбэртэй байх учраас эрсдэл бага” гэж би тайлбарлаад, “Гэхдээ Монголынх гэдэгт 100 хувь итгэлтэй байна” гэж нэмэв.
   
    “За тэгвэл тэр мэдэгдлийн төслөө аваад ир, би Ё.Отгонбаяр сайдад бас үүрэг чиглэл өгчихье”.
   
    Ингээд би 30 минутын дотор англи хэл дээр мэдэгдлийн төсөл бичээд Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Батзаяа хэмээх  бүсгүйгээр дамжуулан Ерөнхийлөгчид хүргэж дэмжлэг авсан бөгөөд 12 цаг гэхэд www.president.mn веб сайт дээр Т-батаарын тухай анхны мэдэгдэл нийтлэгдлээ.
   
    Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгчийн вэб сайт руу гадаадын хэдэн сэтгүүлч цаг алдалгүй нэвтэрч чадах билээ. Тэгээд ч Нью-Йоркт шөнө дунд болж байдаг. Энэ мэдээллийг гадаадын олон хэвлэлд цаг алдахгүй хүргэж чадвал дуудлага худалдаа нь жаахан хойшлох юм биш байгаа даа.
   
    Ингэж бодоод Йелийн их сургуульд суралцах үеэрээ танилцаж, Монголд хэд хэдэн удаа ирэхэд нь хамтран ажилласан доктор Анн Алтман гуай руу захиа бичлээ. “Та Ерөнхийлөгчийн мэдэгдлийг гадаадын хэвлэлүүдэд тарааж тусалж чадах уу”.
   
    Анн Алтман гуай унтаагүй  байх нь тэр! Тэр дороо Анн хариу бичиж, “Шөнөжин тараагаад өгье, харин чи наанаа ажлаа эхлэ. Юуны өмнө эрдэмтэдээс Т-Батаарын тухай  бүх мэдээллийг цуглуул. Монголынх мөн юм уу гэж хэвлэлийнхэн асуухад бэлэн хариулттай бай” гэдэг байгаа!
    Мөн яг тэр мөчөөс эхлэн би М.Болорцэцэг руу Ерөнхийлөгчийн мэдэгдлийг явуулж, “Дуудлагын худалдааг зогсооход туслаач” гэлээ. М.Болорцэцэг Ерөнхийлөгчийн өмнөөс анхны заргыг бичсэн юм.  Ерөнхийлөгчийн өмнөөс захидал бичих эрхийг түүнд авч өгөхөөр хөөцөлдөхөд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан дуртайяа зөвшөөрч, Батаарын үйл ажиллагааны бүх мэдээллийг Болорцэцэг, Цагаан дарга бид гурав бие биедээ шуурхай дамжуулж эхлэв.
   
    Энэ зуур би академич Р.Барсболд, доктор Х.Цогтбаатар нар руу залгаж, тэднээс Батаарын тухай мэдээлэл авч мэдлэгээ арвижууллаа. М.Болорцэцэгийн “Херитэйж Аукшин” компани руу англи хэл дээр бичсэн захиа ч бас Батаарын тухай нэлээд боловсрол олгохуйц, шинжлэх ухааны үндэслэлтэй бичигдсэн байлаа.

Ийнхүү мэдээлэл нэмж цуглуулан, Батаарын ажилд туслах хамсаатан нэмэгдүүлэхээр чармайсаар ахуйд баасан гараг Монголд дуусч, Америкт  ажлын шинэ өдөр эхлэв. Чухам  энэ мөчид америкийн сэтгүүлчид Анн гуайн урьд шөнө илгээсэн захиаг тоож авч нийтлэх үү, үл хэрэгсэх үү гэдэг нь эгзэгтэй байв.
   
    Монголын цагаар бямба гарагийн үүрийн гурван цаг, Нью-Йоркийн цагаар баасан гарагийн үдээс хойш болоход утас дуугарав. М.Болорцэцэг ярьж байна. Түүний “Херитэйж Аукшин”-д өглөөхөн  явуулсан бичгийн хариу иржээ. Товчдоо “Манайх дуудлагын худалдаагаа зогсоохгүй, Монгол гэж улсыг үүсэхээс өмнө динозавр үүссэн биз дээ” гэсэн маягийн үл тоомсорлосон захиа  байж.
    “Оюунаа эгч ээ, би үүнээс цааш чадахгүй нь ээ. Та Ерөнхийлөгчид хуульч авч өг. Тэд над руу аймаар дээрэлхүү хандаж байна. Миний чадах ажил ингээд дууслаа” гэж М.Болорцэцэг хоолой зангируулан хэлэв.
   
    Би тэр даруй босож, АНУ-д ажлын өдөр хараахан дуусаагүй байгаа дээр амжуулан хэд хэдэн хуульчид захиа бичлээ. “Та бүхний хэн нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн эхлүүлсэн ажилд үнэ төлбөргүй тусалж чадах уу” гэж асуув.
   
    Хожим хуульч Роберт Пейнтэртэй хуучилж суухад тэрбээр уг захиаг гэрээсээ нисэх онгоцны буудал руу гарах гэж байхдаа үзжээ. Дэндүү яаралтай хэрнээ нэн сонирхолтой энэ ажилд зүтгээд үзье гэж шийдэн, Сингапур явах аяллаа цуцалж, бидэнд хариу бичсэн аж. “Монгол Улсын Ерөнхийлөгч зөвшөөрвөл түүнд туслахад бэлэн байна”.
   
    Ийм гайхалтай хариуг шөнийн дөрвөн цагийн үед авчихаад нойр бүрэн сэргэж, Монголд өглөө болохыг хүлээнгээ Роберт Пейнтэрээс ажлын зөвлөгөөг авч эхэллээ. “Бид одоо яах ёстой вэ” гэж асуухад Роберт надад хийх ажлын жагсаалт явуулав. Үүнд: Ерөнхийлөгч Роберт Пейнтэрийг өөрийн төлөөлөгчөөр томилох, нотариатаар батлуулах, нэхэмжлэл гаргахад шаардлагатай шинжлэх ухааны болон хуулийн мэдээллийг явуулах, Монгол Улсад мөрдөгддөг гол хуулийн зүйл заалтуудыг орчуулж илгээх гэх мэт бөөн ажил даалгачих нь тэр.

    Би өөрийн чадах хэмжээнд нооргуудыг гаргаж, П.Цагаан дарга, Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Ж.Баярцэцэг нар руу Робертын хүсэлтүүдийг и-мэйлдээд, бас хуульч Түвшинцэнгэлд хандаж, гол гол хуулийн заалтуудыг түүж өгч туслаач гэж и-мэйлээр хүсээд, утсанд нь “Яаралтай туслана уу” гэж бачимдсан мессежүүдийг үлдээлээ.

    Өглөөний долоон цаг болоход П.Цагаан дарга утсаа нээв. “Ашгүй дээ, та босов уу. Би шөнө нэлээд ажиллалаа, одоо хэсэг дугхийгээдэхье. Та и-мэйлээ шалгаад, баахан ажил амжуулж өгнө үү. Роберт Пейнтэр гэдэг хуульч олсон, даргад танилцуулаад, төлөөлөгчөөр нь томилно уу” гээд л урсгаж гарлаа.

    Хэсэг дугхийхээр хэвтэхийн өмнө интернэтэд орж, “Монгол, Т-Батаар” гээд шүүж үзэхэд “Монгол Улсын Ерөнхийлөгч Т-рексийн араг ясыг Монголынх гэж үзэж байна” гэсэн утгатай мэдээлэл олон улсын 800 орчим хэвлэл мэдээлэл, вэб сайтуудаар тарсан байв. Анн бид хоёр 20 орчим хэвлэлд мэдээ гарвал хангалттай дуулиан болно гэж найдсан бөгөөд шууд 800 хэвлэлд гарна гэж огт төсөөлсөнгүй. Дэлхийн хэвлэл мэдээлэл үлэг гүрвэлд яасан их хайртай юм бэ! Яагаад үлэг гүрвэл ийм “од” юм бэ! гэж өөрийн эрхгүй уулга алдмаар. Учрыг тунгаавал үлэг гүрвэлийн түүх бол дэлхийн түүх ажээ. Үлэг гүрвэлүүд нэгмөсөн устаж алга болсон тэртээх цэрдийн галвын үеийн сүүлчийн түүхэн дурсгалууд дэлхийн аль ч оронд сонирхолтой сэдэв аж. Яг л гамшигт нэрвэгдсэн газраас амьд мэнд гарсан хүнтэй учирч байгаа мэт, тэрхүү эрт галвын амьтдын ул мөр гарч ирэх бүрт дэлхийд тохиолдсон өгүүлшгүй их гамшгийн талаар бид илүү их мэдээлэл, төсөөлөлтэй болдог байна. Ийм ч учраас үлэг гүрвэлүүд үнэхээр од ажээ. Харин энэ үлэг гүрвэлүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч санаа тавьж, түүнийг дэлхий даяар шуугиж эхэлсэн нь цоо шинэ зүйл байлаа.

    Гэхдээ ийм их сенсаац муу талтай ч байж болох. Ерөнхийлөгчийн байр суурийг нотолж, Батаараа авч чадахгүй бол төдийчинээ их дуулиантайгаар  Монгол маань ичгүүртэй байдалд орох байв.
   
    Гэхдээ сайн талыг нь голлон олж харахаар шийдэж, Ерөнхийлөгч рүү утасдлаа. “Таны байр суурийг дэлхий даяараа түгээж байна, баяр хүргэе” гэж би Ерөнхийлөгчид мэдээлчихээд, шинээр ирсэн и-мэйлээ шалгатал Анн, Роберт, М.Болорцэцэг нарын хэдэн арван шинэ захианаас гадна палеонтологичид, сэтгүүлчдээс захиа ирээд эхэлжээ.
   
    Олон улсын сээр нуруутан судлалын холбооныхон Т-Батаарыг зарах ёсгүй, дуудлагын худалдааг зогсоох ёстой, Т-Батаарыг Монголд буцаах ёстой гэсэн агуулгатай сонордуулга гаргаж онлайн сүлжээгээр дамжуулан гарын үсэг цуглуулж эхэлжээ.
   
    Монголын байр суурийг дэлхий даяар дэмжиж, сонирхож эхлэх энэ мөчид “Ийгл” телевиз Батаарын асуудлаар тусгай сурвалжлага хийхээр шийджээ. “Ийгл” телевиз цаг тутамд палеонтологийн сэдвээр зүйл бүрийн мэдээлэл бэлтгэж байлаа. Би бямба гарагт хэд хэдэн удаа ярилцлагад орж амжив. Намайг сурталчилгаа хийж байх энэ мөчид Роберт Пейнтэр шөнө дүлээр ажиллаж маргааш өглөө (АНУ-ын бямба гарагийн өглөө) гэхэд амжиж шүүхийн шийдвэр гаргуулахад бэлтгэж байв. Учир нь бямба гарагт л шүүхийн шийдвэр гаргахгүй бол ням гарагт дуудлага худалдаа болох юм.
   
    “Пейнтэр Лоу” фирм шөнөжин бүрэн хүчин чадлаараа ажиллаад, 50 гаруй хуудастай өргөдөл бэлэн болгожээ. Энэ өргөдлийг П.Цагаан дарга, Ж.Баярцэцэг нар Ерөнхийлөгчид өгч хянуулах, түүний зөвшөөрлийг авах ажил Монголын цагаар бямба гарагийн орой хийгдэж дуусжээ.
   
    Роберт маргааш өглөө нь өөрийн амьдардаг Хьюстэн хотоос онгоцоор нисэж Даллас хотод буугаад Родригос хэмээх шүүгчээс цаг авсаныхаа дагуу очиж уулзжээ.  Шүүгч Родригос бямба гарагт амрах ёстой байсан боловч Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэмээх ховор хүсэлтийн буянаар амралтынхаа өдрөөс хагаслан Робертын өргөдлийг сонсжээ. “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Херитэйж Аукшин компанийн эсрэг” хэмээх нэртэй шүүх сонсгол болж дуусахад Родригос шүүгч дуудлага худалдааг 10 хоногийн хугацаанд түр зогсоох шийдвэр гарган, энэ хугацаанд багтаж үлэг гүрвэл Монголынх гэдгийг ноён Ц.Элбэгдорж нотолж чадахгүй бол дуудлага худалдааг үргэлжлүүлж болно гэж зөвшөөрчээ.
   
    Энэ бол бидний хүсэн хүлээсэн шийдвэр  бөгөөд нөгөө талаас аравхан хоногийн дотор АНУ-ын шүүх хуралдааны шалгуурыг дааж гарахуйцаар  нотолж чадах бил үү гэсэн эргэлзээ бий боллоо.
   
    Маргааш өдөр болдгоороо болж Нью-Йоркт тавдугаар сарын 20-ны ням гараг эхэллээ. Монголд шөнө боллоо. Би унтах эрхгүй байв. Дуудлага худалдаа болох газрын үүдэнд монголчуудын эсэргүүцлийн бяцхан жагсаал зохион байгуулахаар Э.Ганболд над руу холбогдож, “Бид ямар уриа лоозон баривал тохиромжтой вэ, текст бичиж явуулна уу” гэж хүсэв. Би янз бүрийн хувилбараар санал явуулж, тэдэнд туслангаа Робертын яаралтай хүсэлт, шаардлагыг биелүүлэхэд бэлэн байх ёстой болов.
   
    Дуудлага худалдаа эхлэх цаг болоход “Монгол Улсын соёлын өв Т-батаарыг битгий худалдан аваач”, “Т-Батаар Монгол руу буцах ёстой” гэх мэтийн уриа барьсан таван монгол хүн дуудлага худалдаанд оролцогчдын зам дээр зогсоцгоожээ. Энэ нь үлэг гүрвэлийг худалдан авагчгүй болгох, үгүйдээ л өрсөлдөгч нарыг энэ хэл амтай зүйлээс дайжихад нь тусалсан бөгөөд харин “Херитэйж Аукшин” компанийханд бараг нөлөөлсөнгүй.
   
    Роберт дуудлага худалдааны зааланд суужээ. Хамгийн анхны худалдаалах обьект Т-Батаар. Худалдааг удирдагч индэрт гарч, үлэг гүрвэлийг зарлан анхны үнэ 800,000 ам.доллар болохыг мэдэгдэв. Энэ мөчид Роберт Даллас руу утасдан шүүгч Родригостой холбогджээ. “Таны гаргасан шүүхийн шийдвэрийг гардуулсан боловч тэд дуудлага худалдаагаа зогсоохгүй, яг одоо хийх гэж байна” хэмээн Роберт шивнэж амжаад, “Одоо танд сонсгож байгаад би дахин шаардлага тавья” гэж.
   
    Ингээд Роберт блэкберри утсаа баруун гартаа барин дуудлага худалдаа зохион байгуулагч руу нүүр тулан очиж, “Яг одоо шүүгч биднийг сонсож байна, та шүүгчийн захирамж зөрчин дуудлага худалдаа явуулбал хариуцлага хүлээх болно” гэж сануулсан ч, компанийн бие хамгаалагч нар Робертыг түлхэн дуудлага худалдааны танхимаас  гаргасан байна.
   
    Роберт дуудлага худалдааны үр дүнг гаднаас нь сонсчээ. Т-Батаар утсаар холбогдсон нэр нь үл мэдэгдэх худалдан авагчид 1 сая гаруй ам.доллараар борлогджээ. Тэрхүү худалдан авагч “Би шүүгчийн захирамжид заасан зарга хийх эрхээ хэрэгжүүлэх боломжийг Монголын тал эдлэсний дараа мөнгөө төлье, тэр болтол Монголынх гэдэг нь нотлогдохгүй бол би худалдан авалтаа баталгаажуулна” гэсэн аж.
    Ингээд Т-Батаар бол Монголынх гэдгийг шүүх дээр нотлохын тулд АНУ-ын Нью-Йорк мужийн өмнөд тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргахаар боллоо.
   
    Бүх ажил өмнөхөөс арав хорь дахин ихээр ундрав. Энэ 10 хоногийн ажиллагаанд Засгийн газар татагдан оролцлоо. Ё.Отгонбаяр сайд ажлын хэсэг гаргаж, уг ажлын хэсэгт нь би ч орж явчихлаа. П.Цагаан дарга, Б.Наранзун, Х.Цогтбаатар нарын албаныхан Монголоос Нью-Йоркийг зорьж, монгол палеонтологичийн нүдээр Т-Батаарын олдвортой танилцан, экспертийн дүгнэлт гаргав.
   
    Монголын Динозавр судлалын хүрээлэнгийн захирлын хувьд М.Болорцэцэг бас экспертийн дүгнэлт гаргаж өгөв.
   
    Хөндлөнгийн экспертийн дүгнэлтийг АНУ-ын Байгалийн түүхийн музейн судлаач Марк Норел, Канадын эрдэмтэн Филип Кюри нар гаргав.
   
    Робертэд энэ бүхэн хангалтгүй байлаа. Хамгийн гол нь Т-Батаар Монголоос өөр хаанаас ч олдож байгаагүй  гэдгийг Орос, Хятад, Казакстан гэсэн Монголтой ойр буюу хил залгаа орны эрдэмтэд хүлээн зөвшөөрсөн нотолгоо хэрэгтэй гэлээ. Энэ нотолгоог бүрдүүлэхийн тулд өнөөх “Монголд Т-Батаарыг буцаахын төлөө” нэгдэж, гарын үсэг зурсан 150 гаруй эрдэмтэдийн сүлжээнд М.Болорцэцэг маань хандаж, АНУ-ын Юта мужид байрлах Үлэг гүрвэлийн үндэсний паркийн палеонтологич Дэн Чюрригээс би тусламж хүсэв. Тэдний тусламжтайгаар хөрш орнуудын эрдэмтэд хөндлөнгийн дүгнэлт гаргаж Батаар монголоос өөр газарт олдоогүйг давхар нотолж өглөө.
   
    Энэ зуур Монголын талаас бүрдүүлэх хуулиуд нэмэгдлээ. Манай нэгдэн орсон конвенцууд, манай улс үлэг гүрвэлийн олдворыг хэзээ ч худалдаж байгаагүй гэсэн нотолгоонууд, хэрэв хилээр хууль бус олдвор гарах гэж байсан бол түүнийг таслан зогсоож байсан баримт зэрэг мэдээллүүдийг орчуулж явууллаа.
    Ингээд 2012 оны тавдугаар сарын 30-ны шүүх хурал болоход дөрөв хоног дутуу байтал Ерөнхийлөгч намайг дуудуулав.
   
    “Чи нөгөө Батаар л яриад яваад байна уу?”
   
    “Тийм ээ, удахгүй шүүх хурал дээр ялчихвал ч...”
   
    “За, тэр шүүх хурал чамгүйгээр болчих байх. Харин чи сонгуулийг бүр мартсан уу. Нэр дэвших эцсийн хугацаа чинь маргааш болох гэж байна. Эмэгтэйчүүдийн дарга нь УИХ-д өрсөлдөхгүй бол эмэгтэй квоттой болсоны хэрэг юу байна, одоо гарч сонгуулиа бод!”
   
    Ингээд би Батаарын араас нойр хоолгүй шахам долоо, найм хоног хөөцөлдсөний дараа сонгуульд өрсөлдөх шийдвэр гаргаад 21-р тойргийн нэр дэвшигч боллоо.
   
    Нэр дэвших болсон тухайгаа Роберт, Анн, Болорцэцэг нарт дуулгаад “Одоо Улаанбаатараас зохицуулах гол хүн нь П.Цагаан дарга болсон шүү” гэдгийг хэлээд сонгуульдаа гарав.
   
    Намайг УИХ-ын сонгуульд өрсөлдөж байх зуур Монголын тал тавдугаар сарын 30-ны өдрийн заргаа авчээ. Гэвч энэ шийдвэрийг үндэслээд, Тарбозавр батаарыг Херитейж Аукшин компанийн байрнаас шууд хурааж авч болдоггүй ажээ. Учир нь бусдын өмчид халдахын тулд заавал тэр өмчийг уг этгээд хууль бусаар олж авсан гэдгийг тогтоодог, эсхүл хууль ёсоор олж авсан гэж бодож байгаа этгээд түүнийгээ хуулийн байгууллагад сайн дураар хүлээлгэн өгдөг хуультай аж.
   
    Херитейж Аукшин хэн гэдэг этгээд уг үлэг гүрвэлийг заруулж байгааг одоо болтол илчлээгүй тул компанийн байранд уг үлэг гүрвэл хууль ёсоор орж ирсэн гэж зүтгэсээр байж. Харин энэ зуур Роберт Пейнтэр үлэг гүрвэлийг заруулж байгаа этгээд нь Эрик Прокопи гэдэг хүн болохыг тогтоогоод, энэ хүний хаягаар Англи улсаас “Жижиг гүрвэлийн яс” гэдэг хуурамч нэрээр хил давж ирснийг мэдсэн байна. Энэ мэдээллээ АНУ-ын Цагаачлалын албанд хүргүүлжээ. Цагаачлалын алба “Америкийн Нэгдсэн Улс нэг Тироннозавр Батаарын эсрэг” (The united states of america vs one tirannosaurus bataar) хэмээх хэрэг үүсгэн шүүхэд хандаж.
   
    АНУ-ын хилийг хууль бусаар давж ирсэн хэнбугайг ч нутаг буцаах эрх, үүрэгтэй Цагаачлалын албаны байцаагч нар “Тарбозавр Батаарыг баривчлах тухай” гэсэн сонин шийдвэрийг шүүхээр гаргуулав. Тарбозавр батаар хилийг хууль бусаар хуурамч нэрээр давж ирчихээд одоо Хэритейжийн байранд байгаа тул ийнхүү нэг л өдөр хууль бусаар цагаачлагчийн дүрээр баривчлагдан хураалгав.
   
    Энэ гайхалтай мэдээг Багануурт уулзалт хийхийн өмнө сонсоод, тэр өдрийнхөө сурталчилгааны үеэр сонгогчдод зарлаж билээ. Уулзалтад оролцож байсан иргэд нирхийтэл инээлдэж, “Батаарыгаа бушуухан эх нутагт нь авчраарай” гэж ерөөв.
       
    Батаар АНУ-ын Цагаачлалын албанд баривчлагдан, Монгол руу буцаагдахад ойртоод байтал Эрик Прокопи өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд гомдол гаргажээ. Тэрбээр Монголоос хууль ёсоор авчирсан үлэг гүрвэлийг нь хүч хэрэглэн авч явсанд гомдолтой гэж. Роберт энэ тухай мэдэгдэж, яаралтай захиа ирүүлэх үед сонгууль дөнгөж дуусаад, би УИХ-ын гишүүний тангарагаа ч өргөж амжаагүй байв.
   
    “Эрик Прокопи үлэг гүрвэлүүдийг  Монголоос хулгайлсан гэдгийг нотлох хэрэгтэй боллоо. Үүнийг Монгол Улс нотолж чадахгүй бол есдүгээр сарын 30 гэхэд бүх зүйл дуусч, Эрик Прокопи Т-Батаарыг авч салах болно” гэж Роберт анхааруулжээ.
   
    2012 оны зун Хууль зүйн сайд Ц.Нямдорж шинэ Засгийн газарт ажлаа хүлээлгэж өгөхөд бэлтгээд юун Батаартай манатай байв. Түүн рүү бичиг явуулсан ч хариу ирдэггүй. Асуулга тавьсан ч хариулсангүй. Шинэ Засгийн газар бүрэлдэж, шинэ сайд томилогдохыг хүлээхээс өөр арга байсангүй. Цаг хугацаа өнгөрсөөр, ажлаа өгч буй Засгийн газар хоног төөрүүлэн хугацаа алдсаар л байлаа.
   
    Ингээд 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Х.Тэмүүжин сайдыг Хууль зүйн сайд болоход би ч бас Соёл, Спорт, аялал жуулчлалын сайдын албанд томилогдов. Шинэхэн томилогдсон соёлын сайдын хувьд дөнгөж ажлаа аваад байгаа Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд Т-Батаарын асуудлаар цаашид удаах, гацаах хугацаа байхгүйг сануулаад яаралтай арга хэмжээ авч өгөөч гэлээ. Х.Тэмүүжин сайд Улсын мөрдөн байцаах газрын даргыг сольж, Ц.Батсүх гэдэг хурандааг томилсоноо надад дуулгаад, түүнтэй яриад бүх зүйлээ зохицуул гэв.
   
    Ц.Батсүхтэй утсаар ярьж, ямар баримт нотолгоо хэрэгтэй байгаагаа хэллээ. Эрик Прокопи гэдэг хүн Нью-Йоркт томилогдон очсон манай хүмүүстэй нэг буудалд бууж таарч, түүний зургийг буудлын хүлээлгийн танхимд БСШУ-ны яамны соёл, урлагийн газрын даргаар ажиллаж байсан Б.Наранзун маш санамсаргүйгээр авч ирсэн байх тул тэр зургаар таниулах, түүнийг  Монголд ирсэн эсэхийг тогтоох, хаагуур юу хийж явсныг судлах ажлыг Ц.Батсүх дарга удирдан хийжээ.
   
    Монголын мөрдөгчид үнэхээр авьяаслаг аж. Ц.Батсүх хурандаатай ярьснаас хойш яг арав хоноход миний гар дээр бүх төрлийн баримт ирэв. Одоо түүнийг орчуулж илгээх л үлдэж. Ингээд би Роберт Пейнтэр руу Эрик Прокопийн Монголд хоёр удаа ирсэн орох, гарах хуудасны хуулбар, ирээд буусан зочид буудал, өрөөний дугаарууд, нэг өрөөнд хамт орсон хүний нэр, тэр хүнтэйгээ хамт Өмнөговьд Нэмэгтийн хөндийд очсон гэрэл зураг, тэнд байхдаа үлэг гүрвэлийн олдвор олоод, уутанд хийж байгаа гэрэл зургуудыг явуулав. Мөн Эрик Прокопийг таниулсан видео бичлэг, түүний талаар хүмүүсийн өгсөн мэдүүлгүүдийн орчуулгыг илгээлээ.
   
    Эдгээр баримтууд Эрик Прокопийг буруутгахад хангалттай нотлох баримт болов!
   
    Дахин нэг шүүх хурал болсоны дараа 2012 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Роберт баяртай мэдээ ирүүллээ. “Эрик Прокопи буруутай гэдгээ шүүх дээр хүлээж, Монголоос хулгайлсан бүх үлэг гүрвэлүүдээ буцааж өгөхөөр боллоо. Одоо тэднийгээ татан авах ажлаа төлөвлөөрэй”.
   
    Эрик Прокопи буруугаа хүлээснээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эхлүүлсэн зарга ялалтаар дуусаж, олдвор татан авахтай холбоотой ложистик ажлыг зохион байгуулах Засгийн газрын ажил эхэлсэн юм.
   
    2013 оны нэгдүгээр сарын 1-ний шинэ жилийн эхний өдөр гэхэд Батаарыг Монгол руу буцаахад бэлтгэж албан ёсоор төлөвлөж эхлэв.
   
    Юуны өмнө түүнийг багтааж байрлуулах музейн байшин хэрэгтэй. Үүнээс үүдэн Лениний музейг сонирхох болов. Мөн түүнийг хүлээн авах музей хэрэгтэй. Монголд үй олон үлэг гүрвэл байдаг ч одоо болтол үлэг гүрвэлийн музейгүй орон шүү дээ. Ингээд л Үлэг гүрвэлийн музейтэй болох хэрэгтэй гэж бодлоо. Энэ бодлоо Засгийн газрын тогтоол, шийдвэр болгож томьёолохоор яамныхныгаа дайчилж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрынхнаас дэмжлэг авав. Ялангуяа Хэрэг эрхлэх газрын  тэргүүн дэд дарга Ш.Солонгоос зөвлөгөө авлаа.
   
    2012 оны тавдугаар сарын 17-нд Ерөнхийлөгчийн зарга эхэлснээс хойш өдийг хүртэл Монголын талаас нэг ч долларын зардал гаргаагүй байлаа. Хуульч Роберт Пейнтэр өөрийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж, харин Нью-Йорк, Хьюстэн хоёрын дунд нисэж очсон, буудалд буусан зардлаа л гаргуулъя гэдгээ хэлсэн. Анн Алтман, М.Болорцэцэг нар сайн дураар ажиллаж, бусад палеонтологичид ч сайн дурын туслалцаа үзүүлжээ.
   
    Харин олдвор татан авч ирэхэд мөнгө хэрэгтэй болов. Яг ямар хэмжээний зардал гарах талаар төсөөлөл ч алга. Энэ бүхнийг бодитой тооцож, гарах зардалд хөрөнгө босгохын тулд “Палеонтологи, археологийн музейн шинэчлэл” төслийн нэгжийг байгуулах санал оруулж, Засгийн газар дэмжив. Тус төслөө Батаарыг авчрах, түүнийг дагалдан бусад олдворуудыг татан авчрах, Монголоос гараад мартагдсан үзэсгэлэнгүүдийг ч татаж авчирна гэж төсөөлж байгуулав. Төслийн нэгжээ ложистикийн ажлын туршлагатай хүнээр удирдуулахаар сонголт хийж, Н.Шижиртуяа хэмээх залуу эмэгтэйгээр толгойлуулав.
   
    Үлэг гүрвэлийн төв музейгээ мөн байгуулж, Н.Жавзмаа хэмээх эмэгтэйг даргаар, М.Болорцэцэгийг орлогч даргаар нь томиллоо. М.Болорцэцэг Т-Батаарыг түр музейд байхад нь ажиллаж байгаад өвчний учир чөлөөлөгдөхөд нь түүний оронд Б.Цолмонбаярыг томилж, Лениний музейн бичиг баримтыг тусгайлан хөөцөлдүүлсэн билээ.

    2013 оны дөрөвдүгээр сарын үед Батаарыг татан авчрах зардлыг багасгах талаар үргэлж толгойгоо ажиллуулж явсан Н.Шижиртуяа маань нэг өдөр, “Сайд аа, та МИАТ-ын удирдлагатай ярьж өгөөч. МИАТ компани Боингоос шинэ онгоц авах юм байна, Батаарыг ачаад ирвэл үнэгүй тээвэрлүүлчих боломж байна” гэлээ.
    Би ч тэр дор нь МИАТ-ын нэгэн даргатай ярихад уриалгахан зөвшөөрөв. Удсан ч үгүй өнөөх дарга маань эргээд залгаж байна. “Уучлаарай сайд аа, МИАТ компани тусалж чадахааргүй боллоо.  Танай Засгийн газар, Улсын Их Хурлын зарим дарга нар МИАТ-ын онгоцоор яс зөөж болохгүй гэлээ” гэх нь тэр.
   
    Батаарын тухай сонин хэвлэлээр ид шуугиж байх үед соёлын сайд яс хөөцөлдөхөөс өөр ажил хийгээгүй тухай их бичдэг байв. Яс гэдэг үг эвгүй сонсогдох тул чухам яснаас сэжиглээд Батаарын ажлыг болих ёстой байсан бололтой. Гэвч надад палеонтологийн шинжлэх ухааныг хүндлэх гүн хүндлэл нэгэнт бий болсон тул ясны тухай шүүмжлэл намайг ажлаас холдуулж чадахааргүй байв. Палеонтологичдын олж таньж, судалж мэдэж, тодруулж гаргаж ирсэн мэдээлэл бол Монголын нутагт амьдарч байсан эрт галвын ертөнцийг амилуулах мэт босгож ирдэг дэндүү тансаг эрдэм мэдлэг тул сэжиглэх нь илүүц байв. Яс оролддог гэж муу нэр дуулан эх орондоо хагас дутуу үнэлэгддэг манай палеонтологичдыг гадаадад хэчнээн их хүндэтгэж хүлээн зөвшөөрдөг гээч. Тиймээс би тэднийхээ зовлонгийн өчүүхэн хэсгийг өөр дээрээ мэдэрч элдвээр хочлуулах болсон нь палеонтологичидтойгоо ойлголцоход тус болж байв. Би нэг удаа Р.Барсболд гуай руу утасдлаа.
   
    “Зарим хүмүүс яс гээд ад үзээд байх юм?”
   
    “Ясаараа байсан бол өдий болтол юу гэж байхав дээ” гэж их эрдэмтэн инээв. “Чулуужсан учраас л 65 сая жил тэсээд, бидний үед ирж өвлөгдөж шүү дээ. Ямар ч хөөрөгнөөс илүү эртний чулуу шүү”.
   
    Ингээд би шинэ ойлголт авлаа. Т-Батаар бол чулуу. Говийн элс чулуу, эрдэс бодис түүнд шингэж өдий хүртэл хадгалжээ. Чулуужиж чадахгүй газарт бол олддог ч үгүй юм байна, яс хэвээрээ байсан бол ялзраад алга болох байж.

    Би ийн зоригжиж дараагийн онгоцыг хайв. Энэ удаад Кореан Эйр компанийн суурин төлөөлөгчид хандаж, Батаарыг Монголд авчрахад ихээхэн хэмжээний үнийн хөнгөлөлт үзүүлээч гэж хүслээ. “Толгой компанитайгаа зөвлөлдөөд хариу өгье” гээд долоо хоногтоо багтаан “Бид Т-Батаарыг үнэ төлбөргүй тээвэрлэе” гэсэн хариу ирүүлэв.
   
    Энэ зуур Н.Шижиртуяагийн багийнхан үндэсний олон компанийн үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр авахаар болжээ. “Бодь даатгал” даатгалын хөнгөлөлт үзүүлж, Чингисийн талбайд байгуулж буй түр музейн  барилга угсралтыг “Цэнхэр од констракшн” дааж, “Туушин” компани хөнгөлөлттэй ачилт хийхээр болж, харин сав баглаа боодлын америк компани л “Хөнгөлөлт үзүүлэх боломжгүй” гэжээ.
   
    Урлагийн бүтээл, соёлын өв, нууц бараа материалыг төрийн хяналт, хамгаалалт дор баглаж боодог үйлдвэр Нью-Йоркт байх бөгөөд Холбооны мөрдөх товчоо, Цагаачлалын алба зэрэг төрийн байгууллагын хаалттай агуулахад хадгалагдах материалыг тусгай бүртгэл хяналт, камерын бичлэгтэйгээр баглаж боодог ажээ. Энэ үйлдвэрт Т-Батаараа баглуулахаар болж, түүнд өгөх урьдчилгааны мөнгө хэрэгтэй болов. Энэ мөчид Засгийн газраас мөнгө гаргахад Сангийн яам, Монгол банкаар дамжиж хэд хоног алдах байсан тул Анн Алтман гуай ССАЖЯ-ны нэрийн өмнөөс урьдчилгаа төлж, төлбөрийг дараа нь гаргуулж авахаар боллоо.
   
    2013 оны тавдугаар сарын 3-нд Нью-Йорк хотноо Батаарыг хүлээж авах ёслол хийв. Би энэ ёслолд дизайнер Ариунаа Суригийн шинэ хослолоор гоёсон юм. Харин Болорцэцэг маань өвчтэй хэрнээ гэртээ суух эрхгүй Т-Батаараа хүлээж авахаар зорин иржээ. Ариун цэврийн өрөөнд хамт орж түүний толгойг барьж өгөв. Дараа нь хоёулаа өөрсдийгөө шоолон инээлдээд ямар ч байсан энэ ажлын ард гарцгаах юм шүү гэж гэж бие биенээ зоригжууллаа.
   
    Манай ёслолыг сурвалжлахаар дэлхийн томоохон хэвлэлүүд, гэрэл зурагчид танхимд хөл гишгэх зайгүй болтол олноороо цуглажээ. Ёслолын ажиллагаанд зориулж ДДС компаниар хийлгэж авчирсан үлэг гүрвэлийн зурагтай анонсоо хананд өлгөв. Харин АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын мөрдөх газрынхан тусгай ширээ засаж Америкийн төрийн сүлдтэй бүтээлгээрээ хучаад, дээр нь Батаарын гавлын ясыг байгууллагынхаа логотой хамт байрлуулжээ.
   
    Ёслолын ажиллагааг би хөтлөн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн талархлыг уламжилж өгнө үү хэмээн ЕТГ-ын дарга П.Цагааныг индэрт урив. Дараа нь Т-Батаарын хэрэгт яллагчаар ажилласан Нью-Йоркийн тойргийн прокурор Прийт Барара болон АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын мөрдөх албаны Хил гаалийн мөрдөх газрын дарга Жон Мортон нарыг индэрт урилаа.
   
    Үүний дараа ноён Жон Мортон намайг Т-Батаарыг Монгол Улсад хүлээлгэн өгөх гэрчилгээнд хамт гарын үсэг зурна уу гэв. Аварга том үлэг гүрвэл хүлээлцэхэд зориулж аварга том хуудас гэрчилгээ бэлтгэжээ. Энэ ёслолын баримт дээр биднийг гарын үсэг зурах мөчид гэрэл зургийн аппарат шажигнаж, зүрх маань баяраар бялхав. Монгол Улс анх удаа алдагдсан соёлын өвөө гадаад орноос хүлээж авч байна шүү дээ гэж бодогдоход бахархах сэтгэл өөрийн эрхгүй бялхаад ирдэг юм билээ.
   
    Ёслолын ажиллагааны дараа хүмүүс зураг хөргөө авахуулж байх зуур АНУ-ын Цагаачлалын албаны нэгэн нууц мөрдөгч намайг албаны баримт дээр гарын үсэг зурна уу гэсээр ирэв. Юун баримт юм бол гээд хартал “Баривчлагдсан Тираннозавр батаарыг батлан даалтаар хүлээлгэж өгөв” гэсэн утгатай цаас байх нь тэр. Батаар маань өдийг хүртэл “баривчилгаанд” байгаа аж. Тэгээд түүнийг “ар гэр рүү нь” батлан даалтаар суллаж гаргах баримт бүрдүүлжээ. Ингээд ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл миний бие Батаараа батлан даасан бөгөөд түүнийг “эрх чөлөөтэй” болсон мөчөөс эхлэн гарах бүх зардал манай яамны нуруун дээр ирлээ.
   
    “Танай Т-Батаарыг суллангуут хааш нь хүргэх вэ” гэж Цагаачлалын албаны мөрдөгч асуув. “Энэ талаар манай төлөөлөгч М.Болорцэцэг тантай харилцах болно. Баглаа боодлын үйлдвэрийг тэр сонгосон байгаа” гэж би хариулаад, Т-Батаарыг хадгалах байр, баглаа боодлын үйлдвэрийг олох, эндээс ачуулахын өмнө бүртгэл тооллого хөтлөх, гаалийн баримтад шаардлагатай жагсаалт үйлдэх зэрэг олон ажлыг хариуцаж байгаад нь М.Болорцэцэгтээ талархлаа. Түүний нэгэн адил Т-Батаарыг Монголд авчрахад хувь нэмрээ оруулан ажилласан төрийн албан хаагчид, шинэ залуу боловсон хүчнүүд, үндэсний компанийн ажилтнууд олон бий. Тэд ч мөн энэ талархлыг хүртэх эрхтэй хүмүүс.
   
    Т-Батаарыг хүлээлцэх ёслолын арга хэмжээ Нью-Йорк хотноо байрлах НҮБ дэх Монголын суурин төлөөлөгчийн газрын дарга, Элчин сайд ноён О.Оч бид хоёрын хамтран зохион байгуулсан хүлээн авалтаар үргэлжлэв. Хүлээн авалтыг хөтлүүлж, бас дуулуулахаар Лос Анжелес хотоос дуучин К.Номинжинг урьж авчирсан байлаа. К.Номинжин ч ажлаа сайн гүйцэтгэж, манай хүлээн авалтыг ёслол төгөлдөр дуу хоолойгоор англи хэлээр удирдан явууллаа. Тэнд америкийн хууль хяналтын арын албаны ажилтнууд оролцсон тул хэвлэл мэдээллийнхэн байгаагүй. Энэ үеэр П.Цагаан дарга Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн америкийн хамтран зүтгэгч нарт илгээсэн одон медаль болон төрийн тэргүүний гарын үсэг бүхий Т-Батаарын дурсгалын гэрчилгээнүүдийг гардуулав. Уг дурсгалын гэрчилгээнд хүн бүхний оролцоог ялгаатайгаар тодотгон бичсэн бөгөөд англи хэлээр болон кирилл, монгол бичгээр үйлдсэн байлаа. Энэ дурсгалыг ССАЖЯ-ны “Археологи, палеонтологийн музейн шинэчлэл” төслийн багийнхан хичээнгүйлэн хэвлүүлж бэлтгэсэн юм.
   
    Ёслол өндөрлөж, ложистикийн их ажил эхлэлээ. Туушин компани, Бодь даатгалын ажилтнууд өмнө нь төрийн ордонд ирж, өөрсдийн зүгээс үзүүлэх хөнгөлөлтөө надад биечлэн танилцуулсан тул манай яамны төслийн нэгжийнхэн тэдэнтэй шууд холбогдон ажлаа удирдав. 2013 оны тавдугаар сарын 3-ны өдөр Нью-Йоркт хүлээлцсэн Т-Батаарыг мөн сарын 17-ны өдөр Улаанбаатарт буулгах болно гэж Туушингийнхан хэлсэн юм. Тэд үнэ төлбөргүй нисгэнэ гэж амласан Кореан-Эйрийнхэнтэй холбогдож, мэргэжлийн зохион байгуулалтаа хийж эхэлжээ.
   
    Олон улсын музейн өдөр болоход нэг хоног, нэг цаг дутуу байв. Энэ бол тавдугаар сарын 16-ны шөнийн 23 цаг. Чингис хаан нисэх буудал ер бусын их  хөл хөдөлгөөнтэй. Кореан-Эйр компанийн онгоцыг хүлээж Ийгл телевиз шууд нэвтрүүлгийн камераа зоожээ. Сурвалжлага авахаар өөр олон телевиз, хэвлэлийнхэн битүү цугласан байна.
   
    Т-Батаарыг Нью-Йоркоос илгээхэд “хүлээн авагчийн хаяг” шаардлагатай болов. Т-Батаарыг хотын төв талбайд хүргэж, тэнд бэлтгэсэн түр музейд байрлуулахаар манай яамны дэд сайд М.Түмэнжаргалаар ахлуулсан “Т-Батаарыг хүлээн авах ажлын хэсэг” шийджээ. Ийм ч учраас Чингисийн талбайд хаягтай байгууллагын нэр дээр түүнийг илгээх хэрэгтэй байв. Ингээд Засгийн газрын хэрэг эрхлэх газар, ССАЖЯам хамтран хүлээн авагч боллоо.  Хүлээн авагч байгууллагуудын төлөөлөгчид болох ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг сайд бид хоёр нисэхэд хамт олонтойгоо ирээд онгоц буухыг хүлээв.

Зөөлөн цэнхэр өнгөтэй онгоц намуухан газардаад, ачааны хаалгаар зургаан поддон бараа модон хайрцагныхаа гадуур гялгар цаасан баглаатай буусан нь Т-Батаар маань байв. Тэднийг нисэхийн ачааны тэргээр чирж, хашааны гадаа гарган ирсний дараа Туушин компани, хэвлэлийнхний дуран дор хүлээн авч, Т-Батаарыг тосохоор ирсэн бид ачааны хайрцагууд дээр  “Соёл, спорт, аялал жуулчлалын яам”, “Засгийн газрын хэрэг эрхлэх газар” гэсэн хаягуудыг наагаад, Туушин компанийн машинд ачигдахыг нь хүлээв.
   
    Батаарыг хүлээн авах ажлын хэсэгт үүргээ хариуцлагатай биелүүлж буй цагдаагийн байгууллагын төлөөлөгчид ачааны машины өмнө гупердэн явж, Т-Батаарыг Туушин компанийн гаалийн агуулахад хүргэлээ.
   
    Энэ агуулахад Батаар маань 10 орчим хоноод төв талбайд бэлэн болсон түр музейд нүүж ирэв. Энэ барилгад түүнийг М-Ойл компанийн хандиваар байрлуулсан бөгөөд барилгыг Батаарт зориулж хаягжуулан чимэглэх ажлыг байгуулагдаад хэдхэн сар болж буй Үлэг гүрвэлийн төв музейн хамт олон хийсэн юм. Н.Жавзмаа дарга чухам ямар гэнэтийн бэлэг барихаа надад огт хэлээгүй бөгөөд музейн зураач Д.Батжаргалд тусгай үүрэг даалгавар өгсөн гэнэ. Гэвч удалгүй тэрхүү нууцлаг ажил нь Батаарын аварга том толгойг музейн хананд товойлгож сийлснээр ил болж, манай түр музейн гол таних тэмдэг болсон билээ. Харин музей доторх үзмэрийг байрлуулах, Т-Батаарыг анх угсрах ажлыг ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн судлаачид гүйцэтгэв. Тус түр музейд тавигдсан палеонтологийн үзмэрүүдийг тайлбарлахад ихээхэн анхаарсан бөгөөд М.Болорцэцэг ахлагчтай ажилтнууд тайлбарыг хэн ч уншихад шууд ойлгогдох энгийн хэлээр, сонирхолтой баримттайгаар, зурагтай, англи, монгол хэлээр бичиж бэлтгэсэн юм. Үзэсгэлэнгийн бас нэг чимэг болох гэрэлт мэдээллийн самбаруудыг Нэшнл Жеографик сэтгүүлийн хамт олон хандивлажээ. Эдгээр самбаруудад Т-Батаарыг эх оронд нь авчирсан үйл явдлыг дэс дараагаар нь оруулсан байв. Мөн үзэсгэлэнгийн ханыг уран бүтээлчдын зурсан зургууд чимэв. Зураачид ч мөн зургуудаа хандивлажээ. Үзэсгэлэнд зориулж гэрэлтүүлэг, тавилга гээд дотоод чимэглэлийг  “Цэнхэр од” компани хийж, гаалийн тусгай бүс болгон харуул хамгаалалт тавьсан байв. Харуул хамгаалалтын асуудлыг “Owl Security” хамгаалалтын албаныхан хандивласан юм. Хамгийн гол нь Т-Батаар маань улсын музейн өв санд “сан хөмрөг” болон бүртгэгдсэн анхны үлэг гүрвэл болов. Монгол Улс хэчнээн мянган үлэг гүрвэлтэй ч нэг нь ч одоо болтол Монгол Улсын ямар нэг музейн өв санд бүртгэгдээгүй, албан ёсоор тоологдож үзээгүй байлаа. Байгалийн түүхийн музейд байсан Т-Батаар ч улсын музейн өмч биш байв.

2013 оны хүүхдийн баяраар түр музейн хананд “Би гэртээ ирлээ” хэмээх плакат өлгөгдлөө. Үүнийг хар багадаа үлгэр зурж өссөн дүү Ц.Дорж зурсан билээ. Өмнө нь хэд хэдэн зураачид хандсан боловч тэдний төсөөлсөн үлэг гүрвэлүүд хэтэрхий “том хүнийх” болоод байсан тул хүүхдийн үлэг гүрвэл зурах захиалгыг эцсийн мөчид түүнд өгч, уг зураг хүүхдүүдэд хугацаандаа хүрч чадав. Үүнээс яг долоо хоногийн дараа буюу зургадугаар сарын 8-нд Үлэг гүрвэлийн түр музей нээлтээ хийж, Т-Батаарыг олонд толилуулах ёслол боллоо.

    Музейн нээлтэд зориулж би ёслол төгөлдөр үг бэлтгэсэн байлаа. Соёлын сайд хүний ажил хэрэгч үгээр Батаарын үзэсгэлэнгээ нээхээр индэрт гараад өмнөө зогсох үзэгчдийг тойруулж харав. Гэтэл өөдөөс ширтэж буй хүмүүсийн талаас илүү нь бага насны хүүхэд байлаа. Тэдэнд миний хэлэх албаны үг огт сонин биш, харин дусалж байгаа бороо нэвт норгохоос өмнө бушуухан Батаараа үзэх гэж яарсан нь илт байв. Тэгээд ч үлэг гүрвэлийн гол үзэгчид нь хүүхдүүд шүү дээ!
   
    Би үг бичсэн цаасаа буцааж халааслаад, хүүхдүүд рүү хандаж үлгэр ярьж эхэллээ. “Эртээ урьд цагт сүмбэр уулыг дов байхад, сүн далайг шалбааг байхад Монгол нутагт үлэг гүрвэл амьдардаг байжээ...” энэ мэт ярьсан үлгэрээ би тэр өдөртөө багтаан мартаагүй дээрээ ном болгож сийрүүлэн бичиж амжсан билээ. Өдгөө Үлэг гүрвэлийн төв музейд хэвлэх эрхийг нь хугацаагүй, хязгааргүйгээр бэлэглэсэн “Тарбозавр Батаарын тухай үлгэр” хэмээх тэр номыг би яах аргагүй Батаарын түр музейг нээж үг хэлэхдээ хүүхдүүдэд зориулан зохиосон юм.
   
    Нээлтийн ажиллагаан дээр бидэнтэй хамт зогсох ёстой нэгэн хүндтэй хүн ирээгүй. Энэ бол Ерөнхий сайд Н.Алтанхуяг. Зөвхөн түүнийг ирнэ гэж  ажлын цагийг нь  тохируулан байж зургадугаар сарын 8-ны есөн цагийг товлосон байтал гэнэт ирэхгүй гэж хэлүүлсэн юм.
   
    “Ерөнхий сайд яагаад ирсэнгүй вэ” гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан шивнэн асуув.
   
    “Манай зарим нэг гишүүд Ерөнхий сайдыг ясны үзэсгэлэн нээж болохгүй гэж ятгасан гэнэ” гэж би хариуллаа.
   
    “Уул нь энэ чинь түүхэн үйл явдал шүү дээ” гэж П.Цагаан дарга шивнээд, “За одоо яахав дээ, олон түмэн маань яаж хүлээж авч байгааг хар л даа, лам нар ч ирсэн байна” гэж талбай дүүрэн бужигнах хүмүүсийг бахархан заав.
   
    Үнэхээр ч Т-Батаарыг үзэхээр уртаас урт дараалал үүссэн харагдана. Үзэсгэлэнгийн туузыг АНУ-ын Элчин сайдын төлөөлөгч, ЕТГ-ын дарга П.Цагаан нарын хамт хайчлаад, түрсэн олонд шахагдан музей руу орж явчихаад эргэж гарч  музей хавьд эргэлдэн буй Р.Барсболд гуай руу очлоо.
   
    “За, Барсболд гуай, сэтгэгдэл ямар байна даа” гэж би мэндлэв.
    “Үгээр хэлж чадахгүй байна” гэж ахмад эрдэмтэн инээмсэглээд, “Амьд явахдаа ийм зүйл үзнэ гэж санасангүй. Палеонтологич бид  нутагтаа яс малтдаг гээд тоогддоггүй атал гадаадад очихоор яг ийм урт дараалал болоод л сүйд майд байдаг юм. Манай монголчууд яг гадаадынхан шиг ингэж дугаарлаж зогсоод үлэг гүрвэлийг сонирхоно гэдэг хэлж чадамгүй сайхан байна” гэлээ.
   
    Шиврээ бороотой тэр өглөө би Ринчен Бямбаев гуайн хүү энэ  эрдэмтэн ахыг нэг сайн тэврэх юмсан гэж бодогдож билээ. Хэлж амжаагүй, хэлэх гэхээр хэлж болохооргүй гуниг гомдол түүний цээжинд хэтэрхий олон жил хуримтлагдсан байх шиг, тэр нь зуны шиврээ бороо шиг зөөлөн хоолойгоор нь гэм зэмгүй баяр бахархлын үгс болон урсан гарах шиг санагдана.

Сэтгэл хөдөлсөн олон үзэгчийг үлдээгээд, тэр өдрийн Засгийн газрын  хуралдаандаа очлоо.  Дараа нь яаман дээрээ ажилласаар  22 цаг  болов. Зуны дулаахан орой талбайгаар алхаад харимаар санагдаж, Т-Батаарын түр музейд ирлээ. Музейн хамт олон эхний өдрийн ажлаа дуусгаад хуралдаж байв.
   
    “За анхны өдөр ямар байв даа. Ажил нь сайхан байна уу” гэж инээд алдсаар  очлоо.   
    “Ээ бурхан минь. Өнөөдөр 10’000 орчим хүн үзлээ. Бид ийм их ачаалалтай ажиллаж чадахгүй нь, сайд минь” гэж Н.Жавзмаа дарга уулга алдан угтав.
    -Юу гэсэн үг вэ. Маргааш үүнээс ч олон хүн ирнэ шүү дээ.   
    -Өө, тэгвэл ёстой бүтэхгүй нь. Бидэнд агааржуулагч, уух ус алга, хэдэн хүүхдүүд маань 100 хүнд тайлбар хийгээд л ам нь хатаад ухаан алдах гэж байна.
    -Хэдэн хүн тайлбарлагч хийж байгаа юм?
    -Хоёр.
    -Та нар хэдүүлээ ээлжинд гарч байгаа юм?
    -Арав арваараа.
    -За, тэгвэл бүгдээрээ тайлбарлагч хий. Ээлжээр билет тасла. Бүгд ээлжээр үзмэр хар. Ам нь хатсан нэгнийгээ бусад нь орлож бай. Бас хандивын хайрцаг ажиллуулаад, ус авч уух бага сага мөнгө ол. Гэхдээ билетээ үнэгүй байлга. Бид үнэгүй үзүүлнэ гэж олон нийтэд амлачихсан.
   
    Энэ ярианы дараа музейн ажилтнууд хоёр хоёроороо тайлбарлагч хийх дадлага хийсээр шөнө дүлээр харьж амарцгаав.
   
    Сар гаруйн дараа наадмын хоёр дахь өдөр музейг дахин эргэж очтол долдугаар сарын 11-нд 26,000 хүн музейд зочилж, тэдэнд манайхан торохгүй үйлчилсэн тухайгаа ам булаалдан ярьсан юм. Орчин үеийн музейн олон хүнд үйлчлэх менежментийг тэд эзэмшжээ. Тэд ийнхүү хоёр сарын хугацаанд хагас сая орчим хүнд үнэ төлбөргүй үйлчлээд, гурав дахь сардаа багахан төлбөр авч эхэлсэн бөгөөд ганц сарын дотор 200 сая төгрөгийн орлого олсон нь Монголын музейн түүхэнд бичигдэх шинэ рекорд билээ.
   
    2012 оны тавдугаар сарын 20-ны өдөр Нью-Йоркт болсон дуудлага худалдааг зогсоож, АНУ-ын шүүхэд заргалдан нутагт нь буцаан авчирсан Тарбозавр Батаар эх орондоо яг нэг жилийн дараа хүрэлцэн ирэхэд гаалийн баримт бичигт түүний үнийн дүнг дуудлага худалдаанд борлогдсон үнэ болох 1.2 тэрбум төгрөгөөр үнэлсэн байлаа. Гэхдээ Т-Батаарыг гаалиар ороход нь ямар маягт бөглөх вэ гэдэг нь бөөн асуудал болов. Одоогийн байгаа оруулах горимууд нь бүгд тодорхой өөр өөр зориулалтынх тул аль нь ч Т-Батаарт тохирохгүй байв. Урьд өмнө манай хилээр “Алдагдсан соёлын өв эх орондоо эргэж ирэх”-тэй холбоотой гаалийн бүрдүүлэлтийн горим байгаагүй аж.  Ийм горимгүй байсан нь Монгол Улс түүхэндээ алдагдсан соёлын өв хөрөнгөө хилийн чанадаас авчирч байгаагүйг нотолно.
   
    Батаарыг буцааж авахаар заргалдсан их адал явдал бүтэн жил үргэлжилж, түүнийг баглаж, тээвэрлэж авчрах, хотын төв талбайд байрлуулах бүхий л бэлтгэлийг хангаж цэгцлэн, үнэ төлбөргүйгээр тив алгасуулан нисгэж ирүүлсэний дараа эх орныхоо хилийг зөв давуулах хэрэгтэй байсан тул Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамны дэд сайд М.Түмэнжаргал ахлагчтай багт орж ажилласан Улаанбаатар хотын гаалийн газрын дарга Б.Хишигбат тэргүүтэй залуус зөвхөн “ОРОХ” чиглэл бүхий гаалийн шинэ горим зохион нэвтрүүлж, энэ горимыг саадгүй ажиллуулах компьютерийн программ зохиосон бөгөөд энэ нь “Батаарын горим” гэсэн ажлын нэрийг тэр дорхноо авчихлаа. 

    Батаарын горим хэмээх энэ ганц шийдэл төрийн албан хаагчдын ажлыг соёлын өв авчрахад хялбархан чиглүүлж, Монголдоо буцаж ирэх олон өв, хөрөнгийн орох хаалга болсон юм. Батаарын дараа Англиас илгээгдэж, АНУ-аас ачуулсан 22 үлэг гүрвэл далай тэнгис, галт тэргээр хэдэн сарын турш аялсаар 2014 оны намар ирлээ. Тэд дэлхийн зах зээлд дор хаяж 8 тэрбум төгрөгийн үнэ ханштайг олон улсын хэвлэлүүд бичиж байв. Үүнээс таван сарын өмнө 2014 оны тавдугаар сард миний биечлэн хөөцөлдөж авчирсан нэгэн олдвор Бельгиэс ирэв. Энэ бол Дейнохер буюу “аймшигт сарвуу” хэмээх үлэг гүрвэлийн гавлын яс бөгөөд энэхүү гавлын яс, сарвуу нь анх олдож дэлхийн сенсаац болсноос хойш 49 жилийн дараа их биетэйгээ нийлсэн нь энэ юм. Дейнохерын гавлын ясыг монгол төгрөгөөр тооцоход 700 сая орчим төгрөгөөр зах зээлээс худалдан авсан Францын иргэн Монгол руу үнэ төлбөргүй хандивласан юм. Энэ хандивыг Бельгийн Вангийн Байгалийн Түүхийн музейд өгсөнөөр тус музейгээс миний нэр дээр хаяглан манайх руу илгээсэн билээ. 
   
    Батаарын араас 22 үлэг гүрвэлийг хүлээж аваад удаагүй байтал АНУ-аас дахин таван үлэг гүрвэл ирэхээр болж, манайх ч хүлээж авахаа илэрхийлэн, Нью-Йорк дахь гол хүн, Батаар болон бусад 22-ыг авах, ачуулахад манай түшиг болсон палеонтологич М.Болорцэцэгийг дахин оролцуулан, хүлээн авах бэлтгэлээ базаав. Мөн Бельгийн музейгээс удсан ч үгүй Завролофын зулзагануудын ховор олдвор ирэхэд бэлэн болсныг надад мэдээллээ. Энэ хоёр олз маань нийлээд дор хаяж хоёр тэрбум төгрөгөөр үнэлэгдэх баялаг байв.
   
    Энэ бүх зүйлс бүгд Монгол Улсаас хэзээ нэгэн цагт хулгайлагдан гарсан хөрөнгө байв. Харин хууль ёсоор гарчихаад эргэж ирж чадалгүй мартагдсан аварга үлэг гүрвэлүүд Италийн Милан хотод байсан бөгөөд 186 үзмэр бүхий энэ үзэсгэлэнг эх орондоо буцааж авчрах ажлын хэсгийг доктор Р.Барсболдоор ахлуулан байгуулахаар ССАЖ-ын сайдын тушаал гаргав. Энэ тушаал бүтэн жилийн турш хэрэгжиж, гайхалтай үзмэрүүдийн хагас нь Японоор дамжин онгоцоор, үлдсэн  нь далайгаар тээвэрлэгдэн эргэж ирсэн юм. Тэдгээрийн заримыг өдгөө “Хүннү молл”-д дэлгэсэн нь үзэгчдийн нүдийг хужирладаг. Эдгээр үзмэрийн зах зээлийн үнэ ханш дор хаяж 10 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх бөгөөд ийм үнэт өв хөрөнгөө бид “авъя” ч гэхгүйгээр 26 жил “мартсан” байсан юм.

    Батаарыг Монгол Улс буцаан авч чадсан, түүний араас үзэсгэлэн, олдворуудыг богино хугацаанд татан авсан үйлс сайд солигдонгуут дуусах ёсгүй байв. Учир нь эхний хоёр жилд цугласан 20 тэрбум орчим төгрөгөөр үнэлэгдэх энэ баялаг нь дэлхийн хууль бус зах зээл рүү Монголоос гарч алга болсон олдворын уурхайн дөнгөж зах зух нь юм. Цаана нь хууль бус зах зээлээс цуглуулах олдвор гарч ирсээр байх нь мэдрэгдэж, бас хууль ёсоор судлагдахаар гарчихаад одоо болтол эргэж орж ирээгүй олдворууд хэдэн мянгаараа байгаа юм. Ийм учраас хоёр чиглэлд дараагийн сайд нарын ажилд туслах зорилго тавилаа.

    Эхлээд Монголын палеонтологийн олдворыг хамгийн анх судлахаар авч гарсан АНУ-ын судлаач Рой Чапмэн Эндрюсийн экспедицийн авч гарсан олон олдворуудаас авчрахыг хүслээ. Ийм ч учраас Нью-Йорк дахь Америкийн Байгалийн түүхийн музейн ерөнхийлөгчид захидал бичиж “Рой Чапмэн Эндрюсийн экспедицийн 100 жилийн ойд  буюу 2022 онд багтаж, түүний авч явсан олдворуудыг эх оронд нь авчирч үзэсгэлэн гаргая” гэсэн санааг илэрхийллээ. Одоогоор энэ хүсэлт маань биелээгүй  хэвээр байна.

    Харин Бельгийн Шинжлэх ухааны төв, Бельгийн вангийн байгалийн түүхийн музейтэй хамтарч гэрээ байгуулахаар ССАЖЯ нэгэн хэлэлцээрийн төсөл бэлтгэлээ. Энэ хэлэлцээр ёсоор бол Европын нутаг дэвсгэрт байгаа Монголынх байж болзошгүй палеонтологи, геологийн олдвор олдох аваас, тэдгээр олдворыг Бельгийн Вангийн музей хандиваар хүлээн авч болох бөгөөд тус музейгээс томилогдсон эрдэмтэд, Монголын эрдэмтэд санал нэгтэйгээр Монголын олдвор гэдгийг нотолсон бол уг хандивыг Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өгөх болно гэсэн утгатай юм. Энэ хэлэлцээрийг үзэглэж амжилгүй огцорсон ч соёлын өвийн салбараа хариуцан дараагийн яамандаа ажиллахаар очсон С.Урантөгс тэргүүтэй багийнхан, БСШУ-ны сайд Л.Гантөмөр нарын зүтгэлээр  хэлэлцээр маань 2015 оны аравдугаар сарын 20-нд Брюссельд гарын үсэг зурагджээ. Энэ бол цаашдаа Европт олдох Монголын олдворуудыг хэзээ ч, хэн ч байсан  оруулж ирэх хаалга нээгдсэн гайхалтай үйл явдал байлаа.

    Олон хүний хөдөлмөр зүтгэлээр манайх, биднийх болсон эдгээр өв соёлын баялаг нь зах зээлд “од” болцгоосон тул маркетингийн хувьд бөөн олз юм. “Батаар” гэсэн үгтэй малгай, хувцас, бэлэг дурсгал 2013 оны зун хамгийн сайн борлуулалттай байв.  Дейнохер гэсэн үг орсон нийтлэлүүд Монголын нэрийг дэлхийн шинжлэх ухааны хамгийн нэр хүндтэй хэвлэлүүдэд алдаршууллаа.

    ССАЖЯ-ны дэргэдэх “Палеонтологи, археологийн музейн шинэчлэл” төслийн баг Батаарыг бизнест хэрэгтэй баатар байлгахын төлөө нэлээд ажил санаачлан хийсэн юм. Юуны өмнө Филадельфи хотын Дрекселийн Их Сургуулийн дэргэдэх Байгалийн Шинжлэх Ухааны Академиас зураач-палеонтологич урьж авчран “Үлэг гүрвэлийг яаж зурах вэ” хэмээх цуврал хичээл заалгасан. Мэргэжлийн зураач, палеонтолигчид үлэг гүрвэлийг онолын хувьд зөв зурж, зөв баримал барьж чадвал зах зээлд борлогдох бүтээгдэхүүн хийж сурахаар байв. Манай оролцогчид ч маш идэвхтэй хамрагдаж богино хугацаанд үлэг гүрвэл зурж, баримал барьж сурцгаасан юм. Тэдгээр зураачид Монголын гаралтай бэлэг дурсгал, Монголын хүүхэлдэйн кино, ном, ирээдүйн “Цэрдийн галвын ертөнц” гэх мэт уран сайхны киноны зураачид болох боломжтой. Тэднийг оролцуулж соёлын том бизнес эхлэх ирээдүй бидэнд бий.

    Батаарын буяныг зөвхөн уран зураг, кино урлагт төдийгүй музей, аялал жуулчлалын салбарт түгээхийн тулд ССАЖЯ-наас нэгэн хууль санаачлан УИХ-аар батлуулсан юм. Энэ бол Соёлын Өвийг Хамгаалах Тухай хуулийн шинэчилсэн найруулга. Энэ хуулиар анх удаа “Соёлын өвийг хувилах” гэдэг харилцаа зохицуулагдсан юм.
   
    Биднийг хуульгүй байх хугацаанд Монголын олон үлэг гүрвэлийн кааст буюу 1:1 харьцаагаар хувилсан хувь гадаадын музей, цуглуулгад үнэ төлбөргүйгээр очсон байлаа. Гэтэл алдартай соёлын өвийг 1:1 харьцаагаар хувилах ажлыг онцгой эрхтэй субьект хийж, тодорхой жин дарах үнээр худалддаг юм. Харин 1:1-ээс өөр харьцаагаар үйлдвэрлэх эрхийг бусдад маш хямд үнээр олгох, эсвэл борлуулалтаас нь хувь авах замаар эрх өгч, бизнесийн салбараа соёлын салбар нь дэмждэг ёс бий. Ингэж соёлын өвийн дүр төрхийг бүтээгдэхүүнд ашиглахад хэрэглэдэг мерчандайзингийн харилцааны талаар ойлголт байтугай, нэр томьёо нь ч манай Иргэний хуульд байсангүй.

    Иймд ССАЖЯ-наас санаачилсан хуулийн хүрээнд бид “мерчандайзинг” гэдэг нэр томьёог Иргэний хуульд анх удаа оруулж батлууллаа. Соёлын өвийн өмчлөгч, соёлын өвөөр бизнес хийхийг хүссэн этгээдүүд хоорондоо мерчандайзингийн гэрээг хэрхэн байгуулах талаар тус хуульд заалаа. 

    Үүний зэрэгцээгээр соёлын өвийг 1:1 хэмжээгээр хувилах онцгой эрхийг зөвхөн төр эзэмшихээр хуульчлав. Өөрөөр хэлбэл Батаарын 1:1 хэмжээтэй хувийг ирээдүйд байгуулагдах нэгэн хувийн музей байрлуулъя гэж хүсвэл төрд төлбөр төлж 1:1 хэмжээгээр хувилуулж авч болох юм.

    Энгийн нэгэн мэдэгдлээр эхлэсэн Батаарын төлөөх тэмцэл сүүлдээ дэлхийн хэмжээний шуугиант зарга, гаалийн шинэ горим, хууль тогтоомж, музейн барилга,  дараагийн олдворууд болж өрнөсөн гэхээр үнэхээр сонин.


Copyright 2016 Oyungerel Tsedevdamba

Contact me directly at oyunlt@gmail.com