НОМ СУДАР

by Oyungerel Tsedevdamba


“Бид яамны тооллогод эхэндээ их дургүй байлаа, одоо жигтэйхэн дуртай болсон” гэж Гандан хийдийн хамба лам Д.Чойжамц гуай Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын өрөөнд дотноор хүүрнэнгээ, “Та манай судар номын байдлыг нүдээр харсных барилгын ажлаа ахиулахад туслах хэрэгтэй байна” гэв.
    
    Д.Чойжамц хамбын ярьж буй тооллого бол аймаг, улсын чанартай бүх музейн үзмэр тоолох ажил бөгөөд 2012-2014 онд явагдсан энэ удаагийн музейн тооллогоор Гандан хийдийн өв санг тоолох шийдвэрийг анх удаа гаргасан бөлгөө. Гандан хийдэд урьд өмнө улсын тооллого орж байсангүй. Харин манай яамны тооллогын комисс анх очиж бурхад, хатгамал, ном судрыг тоолох тухай мэдэгдэхэд лам нар ихэд цочирдон хүлээж авсан юм.
    
    Аргагүй шүү дээ, төр маань 1930-аад онд шашны гэсэн бүхий л газруудад үзлэг нэгжлэг хийж, байгаа зүйлсийг нь хуу тоолж хураан авч, сүм хийдийг шатааж байсан юм чинь дахиад ийм юм болох вий гэж сүсэгтэн лам нар ихэд болгоомжилсон биз. Харин энэ удаагийн тооллого бол Гандан хийдийг соёлын өвийг хадгалж байгаа газар гэдэг утгаар нь хандсан байв.
    
    “Манайх музей биш шүү дээ” гэсэн эхний эсэргүүцэлд Соёлын өвийн хэлтсийнхэн маань хариу өгөх хэрэгтэй боллоо. “Танайд улсын хэмжээнд үнэт өв санд тооцогдох ховор зүйлс  байвал тэднийгээ тоолуулж, мэдээллийн санд оруулбал, тэднийг сэргээн засварлах, байраар хангах, аюулгүй хамгаалах гээд олон асуудалд төрийн дэмжлэг үзүүлэх боломж гарна. Хэрэв юу хаана байгаа нь мэдэгдэхгүй бол бид үнэт өвөө хамгаалж чадахгүй муутгах эрсдэлтэй”.
    Ийм тайлбаруудын дараа Гандан хийд, ССАЖЯ хамтарч тооллогыг эхлүүллээ. Тэнд болон аймаг, улсын бусад музейд хийгдэх бүх тооллогын үеэр сан хөмрөгийн өрөөний хатуу дэглэмийг мөрдүүлж, тоолсон бүх үзмэр сэлтийг жинлэж, хэмжиж, зургийг зургаан талаас авч, дэлгэрэнгүй дүрслэн бичиж, мэдээллийн сан үүсгэв. Гандангийн номын санд хадгалагдаж, багтах байргүйгээс дээр дээрээсээ дарж чийг авсан хэдэн мянган ном судар хөгцөрч мууджээ. Тэр дотор алтан үсгээр бичсэн ч байгаа, шороон шунхаар будсан ч бий. Энэ бүх соёлын баримтат өв хангалттай байр савгүйгээс өдөр ирэх тусам муудсаар байлаа.

Гандангийн тооллогын явцад илэрч гарсан соёлын өвийн хадгалалтын ядруухан байдлыг засахын тулд Гандан хийдийн шинэ барилгад төр хөрөнгө оруулах хэрэгтэй гэсэн шийдэлд ССАЖЯ хүрсэн юм. Ийм ч учраас улсын төсөв хэлэлцэх үеэр хоёр жил дараалан Гандангийн барилгын мөнгийг тусгав. Энэ ажлаас болж УИХ дээр хатуу үг нэлээд сонслоо. Бас хэвлэлээр зөндөө шүүмжлүүлэв. Хийх юмаа олж ядсандаа Ганданд хөрөнгө оруулж байна! Шашин шүтлэгт хөрөнгө оруулж байснаас цэцэрлэг, эрүүл мэнд, ариун цэврийн тулгамдсан олон зүйлд хөрөнгө оруулах нь дээр гэх мэтээр шүүмжлүүлэв.
   
    Гэвч соёлын өв дурсгалд судар ном том байр суурь эзэлдэг билээ. Монголчууд өдий болтол хэдэн сая судар ном бичсэн, тэр бүхнийг уншиж судалж барахгүй, түүхэн эх сурвалжуудад дүрсэлсэн зүйлсийг мэдэж аваагүй л байна. Тэгэхэд Төвдөд зөвхөн монгол бичгээр бичсэн судар номыг эхэлж судлах үүрэгтэйгээр эрдэмтэн судлаачдын баг сүм хийдүүдэд ажиллаж, тэдний судалгааны нэг том олз нь монгол бичгээр бичсэн Нууц товчооны гучаад хуудсыг олсон байна. Гэтэл өдий болтол Нууц товчоог монгол бичгээр бичсэн эх дэлхийн өөр хаана ч олдоогүй шүү дээ!
   
    Монгол бичгээр бичсэн, Төвдөөс олдож Бээжинд судлагдсан Нууц товчоог нэгэн цагт лам багш нартаа мөргөхөөр очсон монгол сүсэгтэн өргөн барьсан байлгүй. Төвдийн сүм хийдээс ийм ховор эх сурвалж гарсан бол Монголын сүм хийдүүдээс юу гарах бол?
   
    Ийм л учраас Гандангийн байр Соёлын яамны хувьд чухал хөрөнгө оруулалт байлаа. Учир нь хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд хүмүүс төрөөс нууж авч үлдсэн сүүлчийн судар, сүүлчийн бурхдаа Ганданд өргөсөн билээ. Өдгөө Гандангийн шинэ байрны барилга нэлээд сайн гүйцэтгэлтэй ч дуусгах хэмжээний хөрөнгө хэрэгтэй аж. Түүнийг дуусгах хөрөнгийг үргэлжлүүлэн төсөвт суулгахын тулд хатуу үг дааж чадах бага зэргийн улс төрийн зориг хэрэгтэй юм.
   
    Гандангийн ном судрыг бага багаар ч болов анхаарч, засварлаж эхэлсэн газар нь Германы Гёте институт юм. Тэдний урилгаар Германаас ирсэн сэргээн засварлах мэргэжилтнүүд хөгцөрч наалдсан судруудыг эхлээд гялгар уутанд хийж эрүүл судраас нь тусгаарлажээ. Бүтэн өрөө дүүрэх хэмжээний олон гялгар уутнуудыг овоолсныг бодоход олон жилийн бороо, усанд ямар олон судар муудсаныг харуулна. Дараа нь эхний хэдхэн судрыг хөлдөөгчид хөлдөөн нянг царцаагаад, хуудас тус бүрийг нь ариутгана. Ариутгасан хуудаснуудаа үг үсгийг тодруулж сэргээн засварлах ба хугарч, нурж унах цаасан материалуудыг бэхжүүлнэ, үүний дараа судрын хуудас бүрийг исэлдэхгүй цаасаар тусгаарлаж хадгална.
   
    Манай улсад сэргээн засварлагч мэргэжилтнүүд цөөхөн бий. Тэдний дотор цаасны сэргээн засварлалтаар  гарын таван хуруунд багтах шахуу хэдхэн хүн дагнаж  байгаа бөгөөд тэдний хийх ажил хэдэн зуун жил болсон ч дуусахааргүй их. Муудаж байгаа байр бүрт, гоожиж байгаа дээвэр бүрийн дор эргэж хэзээ ч сэргэхгүйгээр үрэгдэж мэдэх соёлын баримтат өв дурсгал баринтагтайгаа бий.
   
    Ийм өв дурсгалуудаа хамгаалахын тулд “Соёлын баримтат өвийг хамгаалах хөтөлбөр”-ийг ССАЖЯ-ны дэд сайд Түмэнжаргалаар ахлуулсан ажлын хэсэг боловсруулж Засгийн газраар батлуулсан юм. Энэ хөтөлбөрт жил бүр хөрөнгө гаргах шаардлагатай. Учир нь баримтат өвийг арчлах, сэргээн засварлах, хадгалж хамгаалахад тусгай материал, бодис, төхөөрөмжүүд, тусгайлан бэлтгэгдсэн боловсон хүчин шаардагдана.
   
    2013 оны өвөл Бельгийн Брюссель хотноо орших Бельгийн Вангийн номын санд би очлоо. Номын сангийн эрхлэгч “Ямар ном үзэхийг хүсч байна” гэж асуухад нь “Эмзэг хуучин номны арчилгааг үзье” гэж хүслээ.
   
    Миний бие туслах Т.Содгэрэл, Бельги дэх манай элчин сайдын яамны ажилтнуудын хамт түүнийг даган олон давхар түгжээтэй, хөргөгчтэй өрөөнд ороход, шүүгээнд тусгай хавтаст хийсэн нэгэн хуучин номыг гаргаж бидэнд харууллаа. Хавтас нь чийг даадаггүй хүчилгүй цаас. Дотор нь байгаа номын хуудас нь салж унасан хэсэг бүрт, салсан хуудсыг хүчилгүй гялгар цаасанд хийж тогтоожээ. Хуучин номын дараа эрт цагийн дугтуйтай захидал, хуучны будгаар будсан зурагт ном зэргийг тус бүр яаж хадгалахыг үзүүлэв. Нэг л мэдэхэд би номын сангийн арчилгааны хичээлд сууж байгаа мэт янз бүрийн зүйл шимтэн сонирхож асуусаар дөрвөн цагийг тэнд өнгөрөөжээ.
   
    “Номын арчилгааг ингэж их сонирхдог өндөр хэмжээний зочин бидэнтэй өмнө нь таарч байсангүй, танд би гарын авлага бэлэглэе” хэмээн номын сангийн эрхлэгч хэлээд, Британийн Номын сангаас эмхлэн гаргасан есөн цуврал гарын авлага өгөв. Үүнд, “Үндсэн хадгалалт”, “Ном, баримт бичгийг цэвэрлэх”, “Хортон шавьжууд”, “Гамшгаас хамгаалах”, “Ном хадгалан хамгаалах бодлогыг тодорхойлох нь”, “Гэмтсэн ном”, “Хадгаламжийн тоног төхөөрөмж, тавилга”, “Номын орчин”, “Хөгц мөөгөнцөр” гэсэн товхимолууд байх бөгөөд тэдгээрийг монгол хэл дээр, албаны хэрэгцээнд ашиглаж болно гээд надад амжилт хүслээ.
   
    Бельгиэс ийм сайхан бэлэгтэй ирэнгүүт эдгээр англи хэл дээрх товхимолыг монгол хэл руу орчуулах даалгаврыг яамныхаа төслийн нэгжид өгч, тэднийг орчуулгаа дуусангуут нь монгол эхийг Үндэсний номын сангийн захирал А.Нансалмаад хүлээлгэн өглөө. Үндэсний номын сан нь ном судрыг хамгаалах арга зүйг бусад номын сандаа түгээх үүрэгтэй байдаг тул А.Нансалмаа захирал тэдгээрийг хэвлүүлж, улсынхаа нийт номын сан, музей, сүм хийдүүдэд хүлээлгэж өгөх үүрэг авлаа.       
   
    Хуучин ном судрууд аюулд өртөхийн хажуугаар шинэ номууд түүхэнд үлдэхгүй алга болох эрсдэл их байв. Ялангуяа 1990 оноос хойш зохиогдсон маш олон ном, үндэсний оюуны сан хөмрөг номын сангуудад байхгүй ажээ. Зохиогчид нь цөөхөн хувь хэвлэдэг, номын бизнес нэг хэсэг тасалдсан, хөдөө хотгүй номын сангуудыг татан буулгасан, эсхүл байгаа номын сангууд нь шинэ ном худалдан авах мөнгөөр байнга гачигдах он жилүүд өнгөрсөн болохоор энэ хугацаанд бичигдсэн олон ном нийтийн өв сан болж үлдсэнгүй.   
   
    Энэ бол Монгол гэдэг үндэстний бүхэл бүтэн нэг үеийнхний бүтээсэн оюуны баялаг бүрэн хадгалагдаж үлдээгүй гэсэн үг юм. Цаашид ийм байдлыг зогсоохын тулд ССАЖЯ Номын сангийн тухай хуулийн төслийг өргөн барьж, УИХ-аар 2015 оны хавар батлуулав. Манай яамны номын бодлого хариуцсан мэргэжилтэн Баяраа, Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Батцэцэг нарын гараас гарч, Үндэсний номын сангийн дарга Нансалмаа, доктор Дулам гуай нарын олон хүний дэмжлэгтэйгээр найруулагдсан энэ хуулийн дагуу шинээр ном гаргасан зохиогч, хэвлэн нийтэлсэн компани бүр Үндэсний номын санд “заавал авах хувь” хэмээх гурван номыг хүлээлгэн өгөх үүрэгтэй боллоо. Зохиогч нар номоо хүлээлгэн өгөөгүй бол торгууль төлөх бөгөөд ийм хөшүүрэгтэйгээр оюуны өв санг бүрдүүлж авч үлдэх хуультай болсон юм. Мөн нийтийн номын санг хувьчилж болохгүй гэж хуульчлав. Ном судар бол хэдэн мянган жилийн дараа ч уншигдаж болох учир үргэлж л хадгалагдаж байх ёстой билээ.
   
    Гэхдээ заримдаа бид яг ямар ном, ямар баримтыг хадгалаад байгаагаа мэддэггүй.  Тиймээс ССАЖЯ Соёлын өвийг бүртгэн баримтжуулах дөрвөн сарын аяныг 2013 оны наймдугаар сарын 30-наас арванхоёрдугаар сарын 30-ны хооронд орон даяар өрнүүлсэн юм. Үнэндээ энэ аянд зориулах мөнгө бидэнд байсангүй. Гэхдээ манай яаманд Ц.Алтанцэцэг хэмээх идэвхтэй, соёлын өвийг сурталчилах асар их хүсэлтэй ажилтан байв. Ц.Алтанцэцэг энэ дөрвөн сарын аяныг хоёр сая гаруйхан төгрөгт багтааж зохион байгуулсан санагдана. Ямартай ч соёлын биет бус өв, баримтат өв, үл хөдлөх өв гэсэн гурван төрлийн өвийн талаар телевизийн шторк хийж, бүх л өргөн нэвтрүүлгийн сувгаар дөрвөн сарын турш цацсан бөгөөд бүх телевизүүдэд хуваарь гарган, мэргэжлийн хүмүүсийг ярилцлагад оруулж иргэдэд өөрийн гар дээр байгаа өв соёлоо хаана яаж бүртгүүлэх тухай сурталчилсан билээ. Энэ олон сурталчилгааг хэвлэлүүд маань үнэ төлбөргүй нэвтрүүлсэн гээд бодохоор хэвлэлийнхэн өв соёлдоо хэчнээн хүндэтгэлтэй хандсан нь харагдана.
   
    Дөрвөн сарын аян дуусахад зургаан зуу гаруй хүн Соёлын өвийн төвд хандаж, өв соёлоо хэрхэн бүртгүүлэх талаар мэдээлэл авсан ба тэдгээрээс 150 гаруй нь бүртгэж авах шаардлагыг хангасан байлаа. Үүний тал нь биет бус өв, 25 нь соёлын баримтат өв, бусад нь үл хөдлөх өв байв. Ингэж Монголынхоо хаана ямар соёлын өв байгааг иргэдийнхээ оролцоотой бүртгэх оролдлого хийсэн маань амжилттай болсон юм. Бүртгүүлсэн өв соёлоосоо гадна, иргэд маань өв соёлын тухай ойлголт, мэдээлэлтэй болж, өв соёлоо хамгаалахад идэвхтэй оролцож эхэлсэн нь гайхалтай.
   
    Нэгэн өдөр надтай уулзахаар Хөвсгөлөөс ирсэн гэсээр том дээл өмсөж, хуучирсан баринтагтай судар тэвэрсэн ах орж ирлээ. Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэн О.Бадмаадорж гуай 65 нас хүрсэн хойноо аав, ээжийнхээ үлдээсэн авдар дүүрэн судрыг уншихаар гэнэт зориглож, монгол бичиг бие даан сурчээ. Ингээд анхны уншсан судраа кирилл үсэгт буулгаад надад авч иржээ. Судрын нэрийг “Халх Монгол оронд анхан бурхны шашин эш болсон судар оршвой” гэх ба энэ сударт Өндөр Гэгээний намтрыг өгүүлсэн байлаа. О.Бадмаадорж гуай ССАЖЯ-наас судрыг кириллээр хэвлүүлэх зардал хүсчээ. Соёлын өвийн хэлтэст уг хүсэлтийг би дамжуулаад, “үнэ цэнтэй мэдээлэл байгаа эсэхийг тодруулах” үүрэг өгөөд гаргав. Удсан ч үгүй манай мэргэжилтнүүд “Энэ хүний сударт Өндөр Гэгээний намтрын өөр судруудад байхгүй үйл явдал мэдээллүүд орсон байна, үнэ цэнтэй баримтат өв гэж үзнэ” гэсэн дүгнэлт ирүүллээ. Иймд О.Бадмаадорж гуайн  кириллээр буулгаж ирсэн судрыг цөөхөн хувь хэвлэх зардлыг яам гаргаснаар Өндөр Гэгээний намтар өдгөө эрдэмтдийн маань мэдэж байгаагаас баяжсан билээ.
   
    Эхэнд дурдсан улсын тооллого сонин ихтэй байв. Тооллогын хуваарь ёсоор 2014 оны наймдугаар сар эхлэхэд бүх тооллого дууссан байх ёстой байлаа. Гэвч Гандангийн тооллого дуусах яагаа ч үгүй, Үндэсний музейн тооллого шувтрагын үедээ орсон ч дахиад хэдэн сарын ажил дутуу байв. Энэ үес Үндэсний музейн тооллогын комиссынхон намайг музейнх нь тооллогын хугацааг сунгаж, нэмж мөнгө зардлаар туслахыг хүссэн захиа ирүүлжээ. Тэд энэ асуудлаар сайдад хандах болсон шалтгаан нь Улсын  тооллогын комиссын дарга Ц.Цэндсүрэн тооллогыг хугацаанд нь дуусга гэж шавдуулсантай холбоотой аж.
   
    Үндэсний музейн захирал Д.Сүхбаатарын өрөөнд ажлын өдөр эхэлмэгц би очлоо. Тоологч нар ширээ тойрон суужээ. Би сан хөмрөгийн ажилтнууд, тооллогын комиссын гишүүд, музейн удирдлагуудын саналыг нэгбүрчлэн сонсох зуураа энэ удаагийн тооллогод Үндэсний музей урьд урьдынхаас илүү нухацтай хандаж байгаад нь олзуурхав. Өмнө нь буюу 2007-2008 оны үес тооллогын улсын комиссоос цаг хугацаагаар яаруулж шахангуут дуусах дөхөж байсан ч дутуу үлдээсэн үзмэрийн хэсгүүдээ бөөнд нь яаран сандран тоолж байжээ. Харин энэ удаад сайдын хувьд “Үзмэр бүрийг гараар барьж, нүдээр үзэж тоол” гэсэн шаардлага тавьсан тул яг ийм тооллогыг хийхэд шаардагдах цагийн хуваариа нарийвчлан гаргаж, дахин дөрвөн сарын хугацаа хэрэгтэй болжээ. Тооллогын технологийг сонсож, асуудлыг мэдэх нь надад нэн сонирхолтой байв.
   
    “За, яг яагаад намайг дуудуулав?”
   
    “Бид таны хэлснээр бүх үзмэрийг өрөөний нэг захаас нь эхлүүлж гараар барьж, нүдээр үзэж тоолж байгаа. Дээр нь бид зөвхөн үзмэрээ төдийгүй түүнийг тайлбарласан бичиг, тайлбар, дэсийг бас нарийвчлан тоолж, лавлаж байгаа” гэж Д.Сүхбаатар дарга тайлбарлаад, “Бид таны “Миний ажлын ноу-хау” гэдэг номыг уншсан, та тооллогын талаар туршлагатай хүн юм байна лээ, тэгээд нарийн зовлонг маань ойлгоно гэж итгэж танд тайлбарлахаар урьсан юм” гэв.
   
    “Жирийн байгууллагын өмч хөрөнгийг тоолоход нэг ширхэг үзэгний тавиурыг “үзэгний тавиур” гэж тоолно. Манай музейд бол түүнийг хэн анх  музейд авчирч өгсөн, хэдэн оны түүхийг харуулсан, ямар үйл явдалтай холбоотой үзэгний тавиур вэ гэдэг нь илүү чухал” гэж музейн өв сангийн ажилтнууд дуу дуугаа авалцан тайлбарлав. “Тийм учраас бид үзмэрээ эхэлж дүрсэлж тоолчихоод, түүнийг тайлбарласан бичиг нь эх сурвалжтайгаа таарч байна уу гэдгийг хэд хэдэн архивын хавтас дамжуулан уудалж байж тодруулна. Архивын өгөгдлүүд хоорондоо зөрвөл аль мэдээллийг нь баримтлах вэ гэдгийг шийдэх гэж дахин түүхэн баримтуудыг уудалж байна. Энэ мэтээр үзмэрээ тоолох, тайлбараа нягтлах  ажил маш удааширч сунжирч байна”.
   
    Үндэсний музейн тооллогын ажлыг дахин дөрвөн сараар сунгах шийдвэрийг тэр дор нь гаргаж, холбогдох зардлыг шийдэж, үр дүнг хүлээлээ. Улсын Их Хурал дээр улс төр бужигнаж, Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулан, ССАЖ-ын сайдаас огцрохын өмнөхөн тооллогын дүн гарчээ.
   
    2008 оны тооллогоор 9 тэрбум төгрөгийн өв санг дутаасан хэргээр шоронд хоригдож буй Б.Энхбат хэмээх хүний Үндэсний музейн сан хөмрөгч байхдаа үрэгдүүлсэн гэгдэж байсан үзмэрүүдийн гуравны нэг нь 2014 оны тооллогоор гарч ирэх нь тэр!
   
    Тооллогын энэ дүнгээс нэгэн сургамж үлдсэн бөгөөд энэ бол “Тооллогыг хүчээр бүү шавдуул, дутуу бүү орхи” гэдэг зарчим билээ. Учир нь буруу, дутуу тоолсон үзмэрийн төлөө хэн нэгэн хүн хэрэгт орж болох, эсхүл хэн нэгнийгээ хэрэгт оруулчихаад тоологдоогүй авч үлдсэн өв соёлын зүйлсийг өөр хүмүүс зувчуулах магадлалтай юм. Ийм ч учраас тооллого бол соёлын өвийг хамгаалах маш чухал хэрэгсэл билээ.

    Харин эхэнд дурдсан Гандангийн тооллого 2015 оны гуравдугаар сард үзмэрийн хэмжээнд л тоологдож дуусч, харин ном судраа тоолж барахгүй нь гээд хойшлуулсан байна. Ном судрын тооллогыг тусад нь гүйцэтгэхээр шийдвэр гарч энэ онд хийх болжээ.


Copyright 2016 Oyungerel Tsedevdamba

Contact me directly at oyunlt@gmail.com