БУРХАД

by Oyungerel Tsedevdamba


    Цас том томоор ширхэглэн бударч, уул өөд өгсөх тусам өтгөрөх ой мод, бут торлогийн өнгийг бүдэгрүүллээ. Намрын шар, улаан, шаргал навчис цасаар хучигдан эргэн тойрон үлгэрийн юм шиг үзэсгэлэнтэй харагдана. Зураг мэт энэ л орчинд Өндөр гэгээн Занабазар 30 гаруй намрыг үдэж, ийм гайхалтай өндрөөс хорвоог тольдон, уран бүтээлээ дэлгэрүүлж байсан гэж бодохоор амьсгалж буй агаараа гүн гүнзгий авч, ариун тэр хүний гишгэж байсан зүлгэн дээр аль болох удаан зогсмоор.
   
    Миний энэхүү бодол “Зам нээгдлээ” гэсэн жолооч П.Эрдэнэбаатарын дуугаар тасалдлаа. Есдүгээр сарын хорьд гарсан энэ өдрийн үүрээр Улаанбаатараас гарч ердөө 200 км зам туулахын тулд бид 13 цаг зарцуулаад байгаа нь энэ. Оройн 18 цаг болж байхад хүрэх газраа хүрээгүй л яваа ба Сарьдагийн хийдэд малтлага хийж буй Түүхийн хүрээлэнгийн экспедицийг зорьж яваа нь энэ билээ.
   
    Хан Хэнтийн дархан цаазат газрын захиргааны Б.Хашмаргад даргатай найман залуу суулгасан пургон машин манай “Тoyota land cruiser 200” машины өмнө яваа бөгөөд өглөөнөөс хойш 14 удаа шаварт суухад харилцан нэгнийгээ татаж гаргачихаад, уул өөд өгсөх үед зам хааж унасан дархи моддыг хөрөөдөн зайлуулж, намайг дуудаж байгаа нь энэ.
   
    Өндөр гэгээний урлангийн хот байсан Сарьдагийн хийдэд малтлага хийх зөвшөөрлийг ССАЖЯ-ны археологийн мэргэжлийн зөвлөлөөс авч Соёл, урлагийг хөгжүүлэх сангаас санхүүжилт гаргуулан анхны малтлагад явсан залуу археологичид, түүхч, судлаачдын баг намайг очиход хоёр майхан, нэг асартай сууцгаана. Тэдний дунд Богд хааны ордон музейн төлөөлөгчид ч харагдана. Намайг Соёлын өвийн хэлтсийн дарга Ц.Цэндсүрэнгээр уламжлуулж дуудуулсан тэдний зорилго нь олдворуудаа газар дээр нь үзүүлж авран хамгаалах талаар шийдвэр гаргуулах ажээ.
   
    Археологичдийн хээр ажиллах төлөвлөсөн хоног аль хэдийн дуусаж хоолны нөөцгүй, дулаан хувцас хунар ч хүрэлцээгүй болсон байв. Энд машинаар хэн ч ирж байгаагүй учраас бидэнд идэх юм ч захиж авчруулаагүй нь харамсалтай. Ирсэн гол зорилго болох олдворт газрыг үзэх ажилдаа бид шуудхан орлоо.

    Хуучин хотын хэрэмний хоёр хана, ордны өмнөх чулуун шал, урлан хийж байсан хэд хэдэн өрөө тасалгаа, бүтээсэн бурхдаа хадгалдаг байсан бололтой нэг байгууламжийг тэд малтжээ. Маш олон янзын хадаас, дээврийн болон ханын чимэглэл материал гарснаас гадна хамгийн гол нь Өндөр Гэгээний мутраар урласан 50 гаруй шавар бурхад гарчээ. Том хоёр бурхны хөл бас олдсон байна.
   
    Бүх олдворыг ном ёсоор баглах, каталогижуулах, хөдөлгөөнгүйгээр зөөж ачих, тээвэрлэх гээд авран хамгаалах ажил яаралтай хийгдэх шаардлагатай ажээ. Бид орой гал тойрон сууж, замын шаврыг алзахгүй туулж ирэх цэргийн зориулалтын машин явуулах, археологичдод идэх уух хүнс нэмж явуулах гэх мэтээр хийх ажлуудаа төлөвлөв.
   
    Маргааш өглөө нь цагаан хүүрэгт хучигдсан модод, цэв цэнхэр тэнгэр, сааралтан дүнсийх Сарьдагийн хийдийг орхиод хотын зүг хөдөлж дахин 12 удаа шаварт суусны эцэст шөнө дүлээр гэртээ ирлээ.
   
    Бурхдыг хотод ирэхээр яах билээ гэж тэр мөчөөс бодогдов. Өндөр гэгээний бүтээлүүд шүү дээ! Шавраар хийсэн хэрнээ яг л алт мөнгөөр урласан мэт нарийн нандин хийцтэй, урьд өмнө хэзээ ч, хаана ч харж байгаагүй  тансаг бурхад юм. Тэднийг сайн хамгаалалттай музейд байлгах ёстой. Эхний ээлжинд Богд хааны ордон музейдээ авчирч болно, тэнд нь байлгаж байгаад мэргэжлийн хүмүүстэйгээ хуралдая байз.
   
    Ийн төлөвлөснөөс хойш нэг сар болоход хээрийн олдворууд хотод ирсэн байв. Судлаачид ч яаман дээр цугларлаа. Ялангуяа авран хамгаалах ажлыг газар дээр нь зохион байгуулсан Соёлын өвийн төвийн Чинзоригоор ахлуулсан мэргэжилтнүүд сэтгэл түгшээсэн дүгнэлттэй ирсэн байж.

    “Богд хааны ордон музейн сан хөмрөгийн байр зориулалтын бус болохоор олон олдвор байршуулж чадахааргүй байна. Бидэнд сэргээн засварлалтын ажлыг хийх орчин тэнд алга” гэж Соёлын өвийн төвийн захирал Г.Энхбат хэлэв.

    “Та нар юутай ч Өндөр гэгээний хоёр том бурхны хөлийг ойрын үед сэргээн засварлаж, олон түмэнд үзүүлэх хэрэгтэй байна” гэж би муйхарлалаа.

    Үнэнийг хэлэхэд Монгол Улс түүх, соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах үйлдвэргүй болоод хорь гаруй жилийн нүүр үзжээ. 1993 онд ийм үйлдвэрээ хувьчилснаас хойш түүх дурсгалын олдвор, музейн эд зүйлийг баглаж боодог, сэргээн засварладаг, шинэхэн олдворыг хатааж хуурайшуулдаг орчин алга болжээ. Энд тэнд жижиг өрөөнд тархай бутархай маягаар ганц нэг олдворуудыг сэргээн засах боловч ихээхэн хэмжээний олдвор нэг дор олдвол хаана, яаж буулгаж, яаж хатааж сэврээх, сэргээн засах талаар бэлтгэл үнэхээр байхгүй ажээ.

    Археологи, палеонтологийн олдвор газар доороос олддог учир чийгтэй байдаг. Тиймээс музейн өв санд шууд нийлүүлж хадгалахад эргэн тойрондоо байрлах музейн ховор үзмэрүүдийг ялзалж, мөөгөнцөртүүлэх аюултай.

    Мөн олдворууд газар доорх агааргүй орчинд хадгалагдаж байснаа ухаж гаргаж ирэнгүүт агаарт идэвхтэй урвалд орж бутарч унах аюултай ажээ. Ийм ч учраас орчны хийн урвалаас хамгаалсан түрхлэг түрхэх, ингэхийн тулд шавар шорооноос хурдан цэвэрлэх ажил гарч ирдэг. Энэ бүх ажлуудыг бусад олдвор, үзмэрт хал балгүйгээр гүйцэтгэхийн тулд тусгай дамжлага бүрт зориулсан өрөө тасалгаатай орчин хэрэгтэй болох ажээ.

    “Тэгээд ийм орчин хаана ч байхгүй юм уу” гэж би Соёлын өвийн төвийн захирал Г.Энхбат, Богд хааны ордон музейн захирал О.Мэндсайхан, Түүхийн хүрээлэнгийн захирал С.Чулуун нараас асуув.

    “Байхгүй ээ, сайд аа” гэж Г.Энхбат хариулаад, “Харин та одоо улсын төсөв хэлэлцэх үеэр Соёлын өвийн төвийн барилгын санхүүжилтийг л сайн тусгаж өгөөрэй. Тэр барилга ашиглалтад орвол шинжлэх ухааны бүх олдвор музейн үзмэр болох хүртлээ тэнд байршиж, сэргээн засварлагдахаар төлөвлөгдсөн юм”.

    Ийнхүү 2014 онд УИХ төсөв хэлэлцэх үеэр улсын төсвийн мөнгө хүрэлцээгүй хэмээн бүх салбарын олон барилга байгууламж, хөрөнгө оруулалтыг хасах үеэр Соёлын өвийн төвийн барилгын төсвийг хасуулахгүйн төлөө өөд уруугүй хөөцөлдөж байж үлдээлээ. Учир нь энэ л барилга ашиглалтад орохгүй бол дараагийн олон олдворыг найдвартай сэргээн засварлаж музейн үзмэр болтол нь хатааж бэлтгэх газаргүй хэвээр үлдэх гээд байв.
   
    Газар доороос олдсон олдвор бүхэн төрийн өмч байх хуультай. Ялангуяа археологи, палеонтологийн олдворууд төрийн өмчид шууд тооцогддог. Гэтэл төр өөрийн өмчийн олдворыг гарч ирэнгүүт нь яах билээ гэдгээ бодож төлөвлөлгүй энэ чиглэлийн барилга, байшин байхгүй байгаа нь манай нэг том дутагдал байв.
 
    Надад энэ байдлыг ойлгуулахыг хичээж археологичид, музейчид олон удаа гомдол санал гаргаж байсан боловч Сарьдагийн хийдэд очиж, бурхадтай нүүр учиртлаа тэдний юу яриад байгааг сайн ойлгоогүй байсан юм.

    Энэ үед л би 2008 онд Ховд аймгийн Манхан сумаас олдсон арвин их олдворуудыг Монголын археологичид Германд сэргээн засварлуулахаар яаралтай бөөнөөр нь илгээсний учрыг ойлгосон билээ.

    Тэр үед олдсон хадны оршуулга, түүний орчимд байсан Алтай ятга хөгжим гээд үнэт ховор зүйлс Германаас тусламж авч чадалгүй цаг хугацаа алдсан бол ялзрал, өгөршил, хатангиршилд нэрвэгдэх, металл эдлэл нь зэвэрч бутарч унах аюултай байсан байна. Харин сэргээн засварлагдсан уг олдворуудыг Монгол руугаа буцаж ирэх үед нь хүлээн авахад хүндрэлтэй байжээ. Учир нь олдворыг олсон гол археологичийг Германаас олдвортойгоо орж ирэнгүүт нь баривчлахаар эрүүгийн хэрэг сэдчихсэн байж.

    Энэ хүндрэлийг өөрчлөхийн тулд археологич хүн юуг ямар нөхцөл байдалтайгаар олдог, олсон зүйлийг яаж судалдаг, яаж сэргээн засварладаг тухай цагдаагийн байгууллагынхантай уулзаж, тэдэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Хэрэв манайхан олдвороо хамгаалж чадахгүйгээр зэврүүлбэл, гадаадад явуулж сэргээн засварлуулснаасаа ч илүү Монголд хохиролтойг тайлбарлаж, Германы татвар төлөгчдийн хагас сая еврогийн өртгөөр сэргээн засварлагдаад музейд тавихад бэлэн болгосон үзмэрүүдийг ССАЖЯам өөрийн нэр дээр татаж авахад хуулийнхан хамтран ажиллаж, археологичдын тухайн үед гаргасан шийдвэрийг технологийн талаас нь үнэн зөвөөр олж хараач гэж тайлбарласан билээ.
   
    Ийнхүү хуулийнхан, соёлынхон харилцан ойлголцсоны дараа Монголоос гараад зургаан жилийн турш эргэж ирж чадахгүй байсан археологийн  үнэт олдворуудыг Германы тал ССАЖЯаманд хүлээлгэн өглөө. Олон хайрцаг олдвор нисэх онгоцны буудалд буухад Археологийн Хүрээлэнгийн захирал доктор Цэвээн гуай нүд дүүрэн нулимстай байв. Тэрбээр “баярлалаа” гэдэг ганц үг л дуугараад чимээгүй уруулаа хазлан байх бөгөөд өөрсдийнх нь багийнхны нээж илрүүлсэн дэлхийд гайхагдах өв эргэн ирэх энэ мөчийг удтал хүлээсэн нь илт. Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Тийдерман бид хоёр хайрцагууд дээр дурсгалын үгс нааж, үзмэрүүдийг Үндэсний музей рүү хүргүүллээ. “Алтай ятга” хэмээх алдарт үзмэрээр манлайлуулсан 100 гаруй үзмэр ийнхүү эх орондоо ирсэний дараа тэдгээрийг олж, сэргээн засварлуулах санхүүжилт хөөцөлдөж, олдворуудыг нэгбүрчлэн тайлбарлаж, каталогижуулан эх орондоо эргүүлэн авчирсан манай хамгийн боловсрол өндөртэй археологичдын нэг Ц.Төрбат эх нутагтаа сэтгэл тэнүүн эргэн ирж ажиллах болсон билээ.

    Их хэмжээний олдвор гэнэт олдох үед бүгдийг нь авруулахаар гадаадад явуулах уу, эсвэл нэг дор цогцоор нь дэлгэж чадахгүй бага багаар сэргээдэг одоогийнхоороо байх уу, эсвэл бүр муутгаж юу ч биш болгох уу гэдэг сонголт одоо ч үргэлжилж байна. Ноён уулын өмнөд бэлээр байрлах Хүннүгийн олон зуун булш бунхантай амыг бид нээж судлая гэж бодоход олдворуудаа хаана оруулах вэ гэдгээс эхлэн асуудалтай тулгарна. Сарьдагийн хийд ч бас ирэх жилүүдэд арвин өгөөж өгөхөөр байна. Монгол Улс тэр чигээрээ хөндөгдөөгүй түүхийг нуух тул манай газар нутаг археологийн диваажин юм. Энэхүү диваажин шиг нутгийн маань хөрсөн доороос түүхийн нууцыг дэлгэн гарч ирэх олдвор гээч зүйлсийг хүлээж авдаг, цэвэрлэдэг, ариутгадаг, хатааж сэврээдэг, сэргээн засварладаг, хадгалж багладаг, судалж каталогижуулаад музейд хүлээлгэн өгдөг түр байрлах том орон гэр зайлшгүй хэрэгтэй байгаа юм. Ийм том байшинг буюу Соёлын Өвийн Төвийн барилга өдгөө Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт баригдаад хэзээ мөдгүй ашиглалтад орох гэж байна. Энэ чухал барилгыг хэзээ ч хувьчлахгүйгээр төрийн өмчид байлгаж, төрдөө данслагдах олдворууддаа зориулах ёстой юм.
   
    ССАЖЯ-ны шийдвэр, сэргээн засварлагч, археологичдын хөдөлмөрийн үр дүнд Дорнод аймгийн Их бурхантын сэргээн засварлалт, Булган аймгийн Шороон бумбагарын ханын зургийн хамгаалалт, Өвөрхангай аймгийн Хархорин дахь 64 баганат сүмийн суурины ил музей байгуулах төсөл зэрэг томоохон ажлууд хийгдсэн. Тэдгээрийн дотор Хархорины ил музейг байгуулах ажилд ССАЖЯам Германы Засгийн газартай хамтарч, Герман-Монголын археологичид ордны суурийн малтлага дээр илээр үзэж болох музейг Монголд анх байгуулсан юм.



Copyright 2016 Oyungerel Tsedevdamba

Contact me directly at oyunlt@gmail.com