МУЗЕЙН БАЙШИН

by Oyungerel Tsedevdamba


    Соёл, спорт, аялал жуулчлалын яам байгуулагдсан нь Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн засгийн газрын Монгол брэндийг дэмжих улс төрийн шийдвэртэй холбоотой байсан бол, уг яамыг 2014 оны аравдугаар сард татан буулгасан нь музейн байшинтай холбоотой байлаа.
 
    Монгол Ардын нам 2014 оны намар Ардчилсан намын урилгаар Засгийн газрын бүрэлдэхүүнд орохдоо хатуу болзол тулгажээ. Тэр нь “Лениний музейг Ардын намаас авч, төрд буцааж өгсөн Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг татан буулгах” байсан юм. Ардчилсан намынхан МАН-д хандаж “Ц.Оюунгэрэлийн оронд танай намаас сайд томилоод, яамыг нь үлдээе” гэж олон удаа санал болгосон ч УИХ дахь МАН-ын хэлэлцээрийн багийн гишүүд хатуу байр сууринаасаа хөдлөөгүй гэдэг.

    Ингээд музейн байшингийн “хэргээр” ССАЖЯ татан буугдсан билээ. Музейн байшингийн талаар миний гаргасан шийдвэр манай яамны хувь заяанд нөлөөлөх эгзэгтэй алхам байжээ. Гэвч хэрэв намайг 2012 онд  буцааж аваачаад Соёлын сайдаар ажиллуулбал би дахиад л уг музейн барилгын талаар зоригтой шийд гаргахаас өөр аргагүй мэт санагддаг юм.
    
    Чухам ямар үнэ цэнтэй болохоороо Лениний музейн барилга бүхэл бүтэн яамыг татан буулгахад хүрэв?
    
    Соёлын гэсэн тусдаа яамгүй олон жилийн нүүр үзэхдээ Монгол Улс соёлын үл хөдлөх дурсгал, түүхэн барилга байгууламж, музей, театр, номын сангууддаа болон тэдгээрийн эргэн тойрны газар хуваарилалтад хайр найргүй хандсан. Түүний нэг жишээ нь Лениний музей байлаа. Лениний музейн барилгыг төрийн өмчийнх гэдгийг шүүхэд нотлохыг 1996 оноос хойш оролдсон ч, 2012 он гэхэд тус барилгыг шүүх, өмчийн бүртгэлийн газрууд ч “Монгол ардын намын өмч” гэж үзээд, гэрчилгээг нь өгчээ. Манай улсын хуулиар чухамхүү 1996 онд шүүхэд гаргаж ирээгүй нотлох баримт шинээр илэрвэл л уг барилгын өмчлөлийн асуудлаар дахин маргаан үүсгэж болох байлаа.
    
    Улс төрч хүний хувьд надад ийм шинэ баримт олж өгч туслах хамтрагч нар гарч ирсэн юм. Тэд “МАН-ын хүнд өгч болохгүй, зөвхөн танд танилцуулах материалууд байна” гэсээр надтай уулзсан юм. Зуу гаруй хуудастай, үнэ цэнтэй бичиг баримтыг сөхөн, тэртээ 1980 онд ажлаа үнэнчээр гүйцэтгэж байсан Соёлын яамны ахмад ажилтан Балжинням гуайтай хуучилж суухдаа би “Лениний музейг төрд эргүүлэн авах ажлыг цаг алдалгүй хийх ёстой” гэдэгт итгэлтэй болсон билээ.
    
    Шинээр олдсон материалуудаас гадна яамныхаа ажилтан, хуульч Т.Энхбаярт даалган, нэмэлт баримтуудыг Монгол банкны архиваас цуглууллаа. Чухамхүү тэдгээр баримтууд нийлээд Лениний музейн барилга, үзмэрүүд, бүх засвар үйлчилгээ, урсгал зардал, цалин хөлсийг төсвөөс, тэр дундаа тухайн үеийн Соёлын яамнаас санхүүжүүлж байсныг нотлоход хангалттай хэмжээнд хүрэв.
    
    Ингээд зарга үүсгэхээр шийдэв. Төрийн өмчийн хороонд хандан, Лениний музейг төрийн өмчид авах нэхэмжлэл шүүхэд гаргахад хамтран ажиллана уу гэж хүслээ. Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар ч уриалгахан хүлээн авч, манай үүсгэх зарга дээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ц.Одмаа хэмээх хуульч бүсгүйг томилов. Би яамныхаа зүгээс  Т.Энхбаярыг томилж, энэ хоёртоо туслуулахаар “Монгол өмгөөлөгч” компанийг сонгон үйлчлүүлэв.
    
    Хуульчдадаа туслах эхний гэрийн даалгаврыг би өөрөө гүйцэтгэв. Лениний музей яагаад төрийн өмч байх ёстой вэ гэдгийг шүүхэд ойлгомжтойгоор гарган өгөхөд нь зориулж  арав гаруй үндэслэл энгийн үгээр бичиж бэлтгээд, түүнийг сайжруулж шүүхэд заргалд гэж итгэмжлэгдсэн төлөөлөгчид болон хуулийн компанид чиглэл өгсөн билээ.
    
    Энэ зуур Лениний музейг төр худалдсан,  хувьчилсан, бэлэглэсэн юм уу аливаа нэг байдлаар бусдын өмчлөлд шилжүүлсэн тухай ямар ч баримт олдоогүй тул одоогийн ашиглагч нь өмчлөгч гэдэг нэрийг хууль бусаар хэрэглэж байна гэж бид үзэж, Засгийн газрын хуралдаанаар тус музейн барилгыг Соёл, спорт, аялал жуулчлалын яамны мэдэлд оруулахаар хөөцөлдөж эхлэв. Ингээд Засгийн газрын гишүүдэд танилцуулга бэлтгэж хүргүүллээ.
    
    “В.И.Лениний музейн барилгыг  1974-1980 онд БНМАУ-ын төсвийн хөрөнгө оруулалтаар Соёлын яамны захиалгаар барьж байгуулжээ.  Барилгын нийт өртөг 1980 оны байдлаар 42,226,000 төгрөг болсон бөгөөд зөвхөн 1977 онд Соёлын яамны төсөвт 8,126,000 төгрөг тусгасан нь тухайн жилийнхээ яамны төсвийн гуравны нэгээс илүү буюу 36,1 хувь болжээ.  Энэ мэтчилэн Соёлын яамны есөн жилийн төсөвт үйл ажиллагааны явцад байгуулагдсан В.И.Лениний музейг 1980 оны долдугаар сарын 9-ний өдөр Засгийн газрын комисс хүлээн авч ашиглагч байгууллагаар Намын түүхийн институтыг товложээ.

    Ингэхдээ төрийн хөрөнгөөр бүтээн байгуулсан энэхүү байгууламжийг төрийн өмчид хэвээр үлдээсэн бөгөөд төрийн өмчлөлөөс өөр этгээдийн өмчлөлд шилжүүлэх тухай Засгийн газрын шийдвэр гараагүй байна.

    Музейн барилгыг ашиглалтад хүлээн авах Засгийн газрын комиссын акт, тус комиссын дагалдах актуудыг нэгбүрчлэн шалгаж үзэхэд музейн өмчлөлийг шилжүүлсэн тухай аливаа шийдвэр байхгүй бөгөөд харин Намын түүхийн институтын  “ашиглагч” гэх статусыг удаа дараа тодотгосон байна.

    Өдгөө Намын түүхийн институт татан буугдсан, В.И.Лениний музейг БНМАУ-ын Соёлын яамнаас анх захиалж хийлгэсэн зориулалтаар нь буюу музейн зориулалтаар ашиглах шаардлагатай байгаа тул ашиглагчийг өөрчлөх тухай Засгийн газрын шийдвэр гаргаж өгнө үү” гэж бичээд музейн ашиглагчаар Үлэг гүрвэлийн төв музейг тогтоолгохоор Засгийн газрын тогтоолын төслийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг, түүний кабинетэд хүргүүллээ.

    Засгийн газраас 2013 оны эхээр музейн тухай хоёр сонирхолтой шийдвэр гаргасны нэг нь Монгол Улс түүхэндээ анх удаа Үлэг гүрвэлийн дагнасан музей байгуулах, нөгөө нь Лениний музейг төрийн өмчид хэвээр байгаа гэж үзэж, Үлэг гүрвэлийн төв музейн (ССАЖЯ-ны) мэдэлд шилжүүлсэн юм.
    Гэвч энэ шийдвэр ажил болохын тулд Монгол Улсын шүүхэд олон удаа ялалт байгуулах хэрэгтэй байв. Төрийн өмчийн хороо-ССАЖЯамны багийнхан “Монгол Өмгөөлөгч” компанитай хамтран шүүхэд бүтэн жил зарга хийж таарлаа.
    
    Монгол Ардын Намынхан музейн барилгыг төрд өгөхгүй, тэгсэн мөртлөө анх төрөөс чухам яаж “авсанаа” нотолж чадахгүй байв. Тэд худалдаж аваагүй, хувьчилж аваагүй, бэлгэнд ч аваагүй, Засгийн газрын шийдвэрээр өмч шилжүүлж ч авсангүй. Зүгээр л “нэг мэдэхэд” дотор нь ороод суусан байлаа. МАН-ын төлөөлөгчид шүүх хуралд ирэхгүй, ирэхээрээ дахин хойшлуулах санал тавих зэргээр нэг шатны шүүх хурлыг наад зах нь арван удаа хойшлуулж сунжруулна. Зүгээр л эрх мэдлээ ашиглаад барилгад ороод суурьшчихсан гэдгээ хүлээхэд хэтэрхий ичгүүртэй байсан болов уу гэж би гэнэнээр төсөөлсөн юм. Гэтэл түүнээс ч илүү ноцтой асуудал байжээ.

    Учир нь Лениний музейн барилгын түрээсийн мөнгөөр МАН санхүүждэг байж. Бас тус барилгыг тойрсон газрын хуваарилалт энэ намд ашигтай байжээ. Лениний музейн хашааны газрыг гэхэд л Зүүний хүчний холбоо  авсан байхад, яг музейн доорх газрыг барилгатай нь  иргэн Г.Алтангаас 2012 оны орон нутгийн сонгуулийн үеэр авсан сая долларын зээлийн барьцаанд тавьсан байж. Музейд хадгалагдаж байсан үнэ цэнтэй хатгамал, зураг, соёлын дурсгалт зүйлс алдагдаж, музейг музей чигээр нь хүлээлгэн өгөх ямар ч боломжгүй болчихоод байсан юмсанж.

    Гэвч бүтэн жил үргэлжилсэн дөрвөн шүүх хурлын дараа л В.И.Лениний музей төрийн өмч гэдэг нь удаа дараа хөдөлбөргүй нотлогдож, музейн барилгыг Төрийн өмчийн хороо, ССАЖЯ-ны хамтарсан ажлын хэсэг хүлээж авахаар боллоо.

    Барилгыг МАН шүүхээс заасан товлосон хугацаанд хүлээлгэн өгсөнгүй. Хэвлэл мэдээллийнхэнгүйгээр даруухан хүлээлгэж өгөхөөр боллоо. Манай яамнаас төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэлээр толгойлуулсан багийнхан очиж хүлээж авахад өнөөх музейн барилга маань ашиглахын аргагүй харанхуй хонгил болсон байлаа.
    
    Музейн байрыг тасалгаа тасалгаагаар нь түрээсэлж олдог орлогоо нэмэгдүүлэхээр, түүнийг бүр олон хүн төвлөрсөн худалдааны төв болгохоор зэхэж байжээ. Хэдэн зуун лангууны төмөр раам зангидаж, урсдаг шат суурилуулж эхлээд байж. Ус, халаалт, бохирын хоолой, цахилгааныг тасалж, цоо шинээр хийх гэж байсан бололтой. Музей гэх зүйл юу ч үлдээгүй, зөвхөн асар том гантигаар урласан Лениний толгой л төв зааланд нь дүнсийж харагдана.
    
    Барилгыг хүлээж авсанаас хойш үл хөдлөх хөрөнгийн бүртгэл хийлгэх гэж бөөн асуудалтай тулгарав. Чухам энэ үед л барилгыг газартай нь зээлийн барьцаанд тавьсан нь илэрсэн юм. Зөвхөн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг хөөцөлдүүлэхийн тулд Үлэг гүрвэлийн музейн орлогч даргаар улс төрч эмэгтэйг томилов. Яагаад гэвэл тэр хүн хэл аманд орохоос, ажлаас халагдахаас, цаашилбал МАН-д “зуулгахаас” айхгүй хүн байх ёстой. Ингээд шинэхэн томилогдсон музейн орлогч Б.Цолмонбаярыг өрөөндөө дуудаж, “Лениний музейн заргатай холбогдолтой бүх бичиг баримт манай яамны ажилтан Т.Энхбаярт байгаа, тэр бүх бичиг баримттай танилцаад хөөцөлдөх ажилдаа ор” гэж зөвшөөрөл өгөв.

    Т.Энхбаяр энэ ажилд яамнаас оролцож буй ганц хүн байлаа. Яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга С.Энхтүвшин бид хоёр яамныхаа хуульч, соёлын ажилтнуудыг МАН-ын улс төрийн “зуултад” оруулахгүйн тулд хамгийн цөөн хүний хүчээр заргын ажлыг зохион байгуулахаар бодож боловсон хүчний хуваарилалтаа тохирсон байв. Хэрэв Лениний музейн заргад олон хүн оролцсон бол цаашид тэд улс төрийн “зуулт”-д орж ажил амьдралгүй болж мэдэх учир яамныхаа ажилтнуудаас улс төрийн эрсдэл хийхийг зөвшөөрч байна гэсэн ам авч байж л ажиллуулсан юм. Ингээд Б.Цолмонбаяр хэдэн сар явж байж музейн барилгын хөрөнгийн бүртгэлийг “зээлийн барьцаанд байгаа” гэсэн нэмэлт тодотголтойгоор хүлээн авчээ.

    Зээлийн барьцаанд барилгыг тавихаар барахгүй газрыг давхар барьцаалсан нь, музейн арын газрыг өөр байгууллагад өгсөн нь ээлж дараагаар  тодров. Батаарыг байртай болгох гэж Лениний музейг онилсон маань эцэстээ юуг л илчилж орхив доо гээд эргээд бодоход  музейн газар, барилгууд, хуучин музейн үзмэр гээд олон зүйл дээр хууль бус урт гар орж гардагийг нотолж, тэр урт гар нь 80 гаруй жил төр барьж байсан улс төрийн нам гэж бодохоор соёлын өв маань яана даа гэсэн гүн шаналгааг төрүүлсэн юм.

Мөн Лениний музейн түүхийг давтахгүйн тулд соёлын үл хөдлөх дурсгал, барилга байгууламж, орчны газрын бүртгэл, тооллогыг улам нарийн болгох хэрэгтэйг ухаарч авсан билээ.



Copyright 2016 Oyungerel Tsedevdamba

Contact me directly at oyunlt@gmail.com