БУРХАН ХАЛДУН

by Oyungerel Tsedevdamba


    Бурхан Халдун хайрханыг алсаас харах маршрут батлуулахаар Засгийн газрын хуралдаанд оруулав. Энэ мөчид би эмэгтэй хүмүүсийг сүүлийн хэдэн зуун жил зүглүүлэхээ байсан тэрхүү хайрханд очиж үзээгүй байлаа. Зөвхөн иргэдээ эмзэг нандин нууц хайрханд заавал авируулахгүйгээр, алсаас харж баясаад буцдаг цэгийг л батлуулах гэж оролдсон нь энэ. 2011 онд Америкийн баруун хойд хэсэгт байдаг Олимп ууланд авиралгүйгээр түүний оройг алсаас ажиглах цэгт очсоноос хойш онгон дагшин уул хайрханыг заавал газар дээр нь очиж бохирдуулахгүйгээр аялал жуулчлал, соёлын бахархал байлгаж болдгийг нүдээр харсан байв.
   
    Иймээс хайрханыг алсаас харах тухай хэлэлцүүлэг дэмжигдэнэ гэж бодсон юм. Гэтэл Засгийн газрын хуралдаан дээр зарим сайд “Эмэгтэй хүн Бурхан Халдуны тухай яриад ч хэрэггүй” гэдгийг шулуухан давшилсан үгсээрээ ойлгуулав. Би асуудал маань унасанд биш харин ялгаварлан гадуурхагдсандаа гүнээ цочирдон тэр хурлыг болон Бурхан Халдун гэдэг сэдвийг хурдхан мартмаар санагдаж билээ.
   
    Ингээд хэдэн сарын хугацаа өнгөрөхөд Соёлын өвийн хэлтсийн дарга Ц.Цэндсүрэн бачимдсан байдалтай орж ирэв. “Сайд аа, та л анхаарал тавихгүй бол хэцүү  байна. 2012 онд  Монголоос өргөдөл гаргасан бүх асуудлыг ЮНЕСКО унагаасан байна. Одоо  2013 онд жаахан өөрчлөлт хийхгүй бол манай монгол гэр, монгол бичиг маань бас бүртгүүлж чадахгүй. Хамгийн ноцтой нь Бурхан Халдун уулыг бүртгүүлэх асуудал бас найдваргүй болох нь. Тэрийг л заавал бүртгүүлэх ёстой гэж манай эрдэмтэд  захиад байна. Хэнтийн иргэд  байнга над руу утасдаж асууж байгаа” гэлээ.
   
    “Яг юунаас болж Монголын өргөдлүүд унаад байгаа юм бол?”
    “Үүнийг тайлбарлуулахаар ЮНЕСКО-гийн мэргэжилтнүүдийг урьсан, удахгүй семинар хийх гэж байна. Та ирсэн хүнтэй нь жич уулзаж, нарийн зөвлөгөө авах хэрэгтэй”.
   
    Энэ яриа болсноос хойш хэдхэн хоногийн дараа Монголын Уран Зургийн галерейд болсон ЮНЕСКО-гийн семинарын хаалтын үйл ажиллагаанд би очив. Тэрхүү семинарт хичээл заасан япон эмэгтэй Норика Айкава надтай ганцаарчилж уулзахаар үзэсгэлэнгийн танхимын үзүүрт ирлээ. Бид хоёрын яриа ердөө л гурван минут үргэлжилсэн. “Бүртгүүлэх шаардлагатай хэчнээн олон гайхалтай соёлын өв Монгол Улсад байна вэ, та нар төсөөлдөг ч болоосой!” гэж бүсгүй уулга алдаад, “Даанч харамсалтай нь яг үнэнийг шулуухан хэлэхэд монголчууд өргөдлөө явуулахдаа агуу ихийн хүсэлд автсан материал бичиж явуулах юм. ЮНЕСКО бол ард түмний жирийн хэрэгцээ байсан, жирийн мөртлөө нийгмийн чухал үүрэг гүйцэтгэж байсан соёлын өвийг илүүд үздэг юм шүү дээ. Юм бүхнээ хорвоо дэлхийд хосгүй, агууг нь бид бүтээсэн гэж бүү гайхуулж бай, бас хэт их техникийн үгээр битгий бичиж бай, бүртгүүлье гэвэл энгийн зүйл бич” гэж зөвлөлөө.
   
    “Яг ямархуу бичлэг шаардлагатай байдаг вэ?”
   
    “Энгийн, ойлгомжтой, Монголын тухай огт мэдэхгүй хүн ч уншихад сэтгэл нь хөдөлж, дотно санагдах  даруухан бичлэг хэрэгтэй. Танай Монголд соёлоо тайлбарладаг хүмүүс дотор энгийн бичих хүн олдохгүй байна. Тиймээс англиар сайн найруулан бичдэг хүнийг гадаадаас ч болов хөлсөлж өргөдлөө бичүүл гэж танд зөвлөе” хэмээн япон мэргэжилтэн хэлээд арга хэмжээ рүүгээ очлоо.
   
    Энэ зөвлөгөөг ажил болгоё гэвч найруулан бичигч хайх цаг зав байсангүй. ЮНЕСКО-д монгол гэр, монгол уран бичлэгийн тухай өргөдөл явуулах хугацаа дуусахад долоо хоног дутуу байхад сайдын гарын үсэг хэрэгтэй гэсээр материал нь надад ирлээ. Би эхний хэдэн хуудсыг уншиж үзэв. Гэр бол төгс орон байр юм, хорвоогийн хамгийн төгс шийдэл... монгол бичиг бол тэнгэрээс унасан нарны цацраг мэт дээдийн заяатай бичиг гэсэн маягаар соёлоо тайлбарласан харагдана. Тэрхүү төгс зүйлийнхээ агуу гэдгийг нь батлах гэж техникийн нарийн тооцоонуудыг  танилцуулжээ.
   
    Энэ танилцуулга дээр гарын үсэг зураад явуулбал ЮНЕСКО-д яагаад ч бүртгэгдэж чадахааргүй байв. Ийм ч учраас цагаан сарын амралтын өмнөхөн авчирч өгсөн энэ хоёр өргөдлийг би өөрийн гараар засаж, шинээр найруулахаар шийдлээ. Өөрөө л хийхгүй бол цагаан сараар ажиллаж өгөх хэн байх билээ!
   
    Ингээд хоёр өв соёлынхоо нийгмийн шаардлагыг бодлоо. Монгол хүнд тухайн үед олдоц ихтэй байсан материалуудыг бодлоо. Эсгий... мод. Монгол ахуйн нүүдэл суудал дунд үүссэнийг нь бодож найрууллаа. Хоёр өв соёл маань тэр жил ЮНЕСКО-д бүртгэгдэж чадав. Гэвч Ц.Цэндсүрэн гуайн сануулаад байсан  Бурхан Халдун хайрханы тухай өргөдөл Байгаль Орчин, Ногоон хөгжлийн яамаар дамжин, ЮНЕСКО руу явсан боловч хариу ирэлгүй таг чиг байсаар.
   
    2013 оны зун Бурхан Халдун хайрханыг нүдээр үзэхээр шийдлээ. Энэ тухайгаа Хэнтий аймагт суугаа ССАЖ-ын газрын дарга О.Цацралтөрд хэл хүргүүлж, миний очих Биндэр, Батноров, Дадал сумууд, Төв аймгийн Мөнгөнморьт сум, Бурхан Халдун хайрханд газарчлах захиалга өгөв. Улаанбаатараас сайдын зөвлөхөөр ажиллаж байсан С.Урантөгс, Аялал жуулчлалын үндэсний төвийн мэргэжилтэн Алтангэрэл нарыг авч, жолооч П.Эрдэнэбаатарын хамт хотоос гарав.
   
    Өмнө нь яамнаасаа хоёр ч баг илгээж, Бурхан Халдун хайрханыг алсаас харах маршрут тогтоолгосон байлаа. Тэдний тогтоосон маршрутыг Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн сайд С.Оюунаар батлуулахын тулд өөрийн биеэр очиж үзэх гэж байгаа нь энэ. Энэ дашрамдаа хайрханыг харж, түүнийг дэлхийн өвд бүртгүүлэхэд шаардлагатай мэдээлэлтэй газар дээр нь очиж танилцахаар  зорьсон байв.
   
    Биднийг Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Пүрэвжав, ССАЖ-ын газрын дарга О.Цацралтөр нар Хэрлэнгийн гүүрэн дээр тосон авч газарчлав.

    Батноров суманд ирэхэд сумын төвийнхөн шинэхэн зассан улаан талбайдаа угтаж, нутгийнхаа музейгээр оруулан, батноров хийцийн уран дархны соёлын өвөө хэрхэн хадгалж, тээж байгаа талаар танилцууллаа. Цаашлаад Биндэр сумыг зүглэхэд бороо орж, сумын төв хүртэл хагас цагийн хугацаанд таван солонго татав. Бүр нэг солонго нь яг талд татаж, манай машин солонгон  нуман дундуур давхиад орж явчихаж билээ.
   
    “Биндэр” гэсэн сумын төвийн баганын дэргэд ирж зогсоход сумын төвийн зүүн талын уулын оройгоос давхар солонго татан угтав.
   
    “За, яасан их солонготой нутаг вэ, долоон солонго татлаа, энэ хавьд” гэсээр би сумын Засаг даргатай баганын дэргэд мэндчилэв.
   
    “Үргэлж ийм их солонго татаад байхгүй л дээ, өнөөдөр их сайхан өдөр байна” гэж Засаг дарга хэлээд, “Яг сая намайг гарахад сумын төвийн хойно ийм солонго татсан байлаа, үүнтэй нийлэх юм бол найман солонго болох юм байна” гэсээр гар утсан дээрээ зургийг нь авсан намхан тод солонгыг үзүүлэв.
   
    Нэг л мэдэхэд солонгын тухай яриа Чингис хааны тухай яриагаар солигдож, Биндэр сумынхны хайрлаж хамгаалж яваа Дэлүүн Болдог хэмээх газрыг үзэж сонирхлоо.  Биндэрээс цааш явах замд Рашаан хадаар орж, дараа нь Өндөрхаан хотод дарга нарыг үлдээгээд, нийслэлээс ирсэн бид  Дадал сумын зүг хөдлөв.
   
    Дадалд 20 цагийн үед очно гэж тооцож байв. Энүүхэнд байгаа гэж нэлээд явсаар нэгэн уулын хормой руу уруудахад эх захгүй өтгөн манан  бүрхэн авах нь тэр. Ийм өтгөн манан тэнгэрт л байдаг болов уу. Газарт буусан мананд төөрлөө гэхэд ганц цаг л төөрмөөр. Гэтэл бид төөрсөөр байтал харанхуй болчихов. Дадал сумаа олохгүй будилсаар шөнийн нэг цаг өнгөрч байхад гэрэл гялсхийхийг  харж, сумын баруун талаар орж ирлээ.
   
    Ашгүй сумын төвд нэлээд хэдэн гэрэлтэй ажээ. Бид “Чингисийн гурван нуур” аялал жуулчлалын баазад ирлээ. Баазад сумын Засаг дарга хараахан ирээгүй байв. Хэдий шөнө болсон ч би Дадал сумын Засаг дарга Д.Оюунгэрэлийн утас руу залгав.
   
    “Танайд ирэх гэж төөрсөөр байгаад шөнө болчихлоо. Та амраагүй бол ирж уулзаж маргаашийн ажлаа ярих уу” гэж би урив.
   
    “Сайд таныг бид сумынхаа хаалган дээр хүлээгээд зогсож байна. Та одоо машиндаа суугаад, манай сумын хаалган дээр хүрээд ирэх үү” гэж Д.Оюунгэрэл дарга хариу урих нь тэр.
   
    “Өө уучлаарай, би одоо хаашаа ч гармааргүй байна. Та ирэхгүй бол би унтаж амарлаа. Өдөржин  явсан жолоочоо ч амраая”.
   
    Ингэж хэлсний дараа сумын удирдлагууд яах ийхийн зуургүй баазад хүрээд ирлээ. Бид маргаашийнхаа ажлыг төлөвлөж, хэдэн цагт нь Бодончар мунхагийн дурсгалт газруудаар явах, хэзээ нь Дадалын Дэлүүн Болдогийг үзэх, сумын төв дэх хэлмэгдэгсдийн дурсгал, Чингис хааны хөшөөг үзэхээ яриад, бас дараа нь хаагуур  явж, Алтаргана - 2014 наадмын талбай сонгох тухайгаа нэгбүрчлэн хэлэлцлээ.
   
    Маргааш үдээс хойш гэхэд бүх ажил хэрэгжиж дуусаад буцах болов. Дадал сумын дээрээ шонхор шувуутай ганган хаалганы дэргэд ирээд үдэлт хийж байтал сумын Засаг дарга мушилзав.
   
    “Та яагаад сонин инээв?” гэж хэрэгт дурлахад тэрбээр, “Өчигдөр бид таныг энэ хаалган дээр гал дундуур оруулах гээд гал түлээд хүлээж байсан юм. Их эзэн Чингисийнхээ нутагт гадны хүмүүсийг оруулахдаа гал дундуур гаргадаг юм” гэх нь тэр!
   
    “Би гадны хүн биш болохоор намайг төөрүүлж галгүй оруулж дээ!” гэх бэлэн хариултыг тэр дороо өгсөн ч Хэнтий нутгийнхны сүжиг ихтэй газарт гишгэж яваагаа бас дахин санаад авлаа.
   
    Гэвч энэ их сүжиг надад Бурхан Халдун хайрханыг алсаас харахад тус болох болов уу, хөшиг болох болов уу?
   
    Дадалаас буцаж, Өндөрхаанаар дахин дайрч, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Пүрэвжав нарыг аваад, Төв аймгийн Мөнгөнморьт сум ороход сумын Засаг дарга С.Наранцэцэг ч бас угтлаа. Харин тус сумын төвөөс хойш 40 гаруй километрийн цаана байгаа хайрханы зүг зам салах болоход  нутгийн дарга нар замд  зогсож, “Баяртай”  хэмээн үдэв. “Бид их чухал ажилтай тул хамт явж амжихгүй нь” гэцгээлээ.
   
    Бурхан Халдун хайрхан руу аялагч эрчүүдийн аян зам эхэлдэг газар нь Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын Хойд Хориуд гэдэг газарт байрлах угтах байр бөлгөө. Энэ байрлалд бидэнд морь гаргаж бэлджээ. Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын байцаагч, байгаль хамгаалагч нар бидэнд газарчлахаар болов. Бидний дөрвөн гийчидтэй хамт таван морьтон өдөржин явахаар бэлтгэжээ. Надад хамгийн том морийг эмээллэсэн байх бөгөөд миний хөтчөөр байгаль хамгаалагч Батжаргал гэдэг хүн явахаар болжээ.
   
    Хайрханы ойролцоо эмэгтэй хүн ойрд ирээгүй гэдэг нь хөглөрсөн хог новшноос харагдана. “Аваргын зогсоол” гэх отгийн жорлон дүүрч, хог нь хаа сайгүй тарсан байх агаад, мөргөлч эрчүүдийн машинууд шаварт сууснаас үүссэн жижиг цүнхээлүүдийн эргэн тойронд дугуй, архины шил, гялгар уут хөглөрнө.
   
    Долоон эрэгтэй, хоёр эмэгтэй морьтон бид Тэнгэр овоог чиглэн морьдын гэдсээр татсан торлог дундуур туучиж, замдаа цэнгэгийн дээд тунгалаг горхинуудаас морьдоо усалж явлаа. Нэг л мэдэхэд миний өмнө өөр морьтон байхгүй болж, өтгөн торлог дундаас үе үе сүргээрээ гарч ирэх ятуунаас морь үргэн хэд  бусгав.
   
    “Хүүе!” гэж би хашгираад золтой л мориноосоо уначихалгүй бусгаанд тогтож ядтал ард яваа байгаль хамгаалагчид хөгжилтэй инээлдэж, “Манай ийшээ ирсэн төрийн түшээд мориноосоо унадаг л юм даа” гэцгээв. “За нэгийн даваанд унахгүй тогтлоо, одоо та нар урд гарч ятуу үргээ  дээ” гэж би хариу хошигноод, газар орны ургамал, түүх намтрыг тэднээр яриуллаа.

    Босго тэнгэрийн давааны өмнүүр баруун эргэж, Хонины өндөр хэмээх уулын урдуур бэллэж явсаар Тарвагатайн тэгсгэр хэмээх эгц өндөр уул руу авиран гарав. Ингэж гурван цаг хагас явахад арван удаа морь халтирч бусгуулсан боловч уналгүй тогтож явсаар их салхитай, том том чулуутай уулын оройд хүрлээ.

    “За сайд минь, Бурхан Халдун хайрханыг харна гэж бат битгий бодоорой. Хайрхан маань харагдах хүндээ л харагдана, өнөөдөр тэнгэр цэлмэг юм шиг байлаа ч гэнэт урдуур нь хөшиг татчихдаг юм шүү” гэж хөтөч маань санууллаа.
   
    “Хөшиг өө?”
   
    “Тийм ээ, уулын орой хавьд нэг хэсэг үүл үргэлж байдаг юм. Тэр үүл хүсвэл дээш болж хайрхан харагдана, хүсэхгүй бол яг хайрханыг хаагаад хөшиг болчихдог юм”.
   
    Ингээд бид Тарвагатайн Тэгсгэр ууланд гарч морьдоо уяад Бурхан Халдун хайрханыг агаарын зайгаар 20 километрын алсаас харахаар уулын оройн ирмэгт иртэл өнөөх хөшиг үүл нь уулын дээхнэ агаарт тогтон, харин хайрхан маань яг л Чингис хаан өөрөө суудалдаа заларч буй мэт дүнхийж харагдах нь тэр!
    “Ээ бурхан минь, ийм сайхан хайрхан байжээ!” гэж өөрийн эрхгүй дуу алдан, дурангаа уутнаас нь гаргаж улам сайн харж авлаа. “Төрийн ордны өмнө суугаа Чингис хааныг нэг л өргөн хийчихсэн мэт санагддаг байсан чинь яг энэ Бурхан Халдун уулыг дуурайлгаад сийлчихсэн юм биш үү” гэж бодогдлоо.

    Гурван голын эх тээр доор харагдана. Ийм сайхан голуудын эхийг тахилгын соёлын буянаар хамгаалж, цэвэр ариунаар нь хадгалж иржээ. Эргэн тойрны уулс хөндөгдөөгүй, замд таарах ятуу шувуунаас авахуулаад түмэн зүйлийн ургамал, амьтан сүсэгт тахилгын соёлын буянаар аль XIII зууны үеийнх шигээ тайван амгалан үлдсэн аж. Тэр ч байтугай Нууц товчоонд гардаг “Цатгалан могой шургаж багтамгүй” торлог нь ч шигүү хэвээр.
   
    Шүтэх, тахих, харамлах, дээдлэх соёлын өв гэдэг нүдэнд харагдахгүй ам дамжин уламжилдаг хэрнээ нүдэнд харагдаж үзэгдэх бүхэл бүтэн өргөн уудам нутгийг амьтантай, ургамалтай нь хамгаалаад хэдэн зуундаа өөрчлөхгүйгээр өвлүүлж өдийг хүргэчихдэг байна шүү!
   
    Алсаас сүүн цацал өргөөд уулнаас бууж тусгай хамгаалалттай нутгийг орхин гарахдаа хотоос авч гарсан боодол хогны уутнуудыг дүүртэл хог түүж, машиныхаа багтаамжийн хэрээр ууталсан хогнуудаа чихэж ачаад, хотыг зорилоо. Энэ дагшин нутагт аялахад яаж хоггүй байлгахав гэдэгт онцгой анхаарч, аяллын дүрэм гаргах хэрэгтэйг нүдээр үзэв. Удсан ч үгүй манай яамны хүсэлт, оролцоотойгоор Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас Бурхан Халдун хайрханыг алсаас харах маршрут, энэ маршрутаар аялах дүрэм тус тус батлагдсан бөгөөд тэнд зөвхөн нутгийн итгэмжлэгдсэн хөтөчтэйгээр, мориор буюу явганаар, хогийн ууттайгаа аялах бөгөөд хогоо дагшин газарт орхиж болохгүй тухай дүрэмд заасан юм.

    Удсан ч үгүй 2013 оны өвлийн эхэн сарын шинийн нэгэн, Монгол бахархалын өдрөөр Бурхан Халдун хайрханыг үндэсний бахархалт хайрхан болгох шийдвэр Засгийн газрын хуралдаанаар гарсан байв. Баярын барилдааны дөрвийн даваа эхлэхийн өмнө хайрханы талаар гаргасан Засгийн газрын тогтоолыг Бөхийн өргөөний индрээс уншиж танилцуулах үүрэг надад ногдов. Өмнөх жил нь шонхор шувууны тухай яг ийм тогтоолыг   уншиж байсансан. Ингээд тогтоол уншихаар эргэн тойрноо харав. Өмнө минь Бурхан Халдун хайрханы бэлээс авсан өнгөт зураг томоор намирч харагдана. Энэ бол Босго тэнгэрийн давааны цаана гарч аялах эрчүүдэд харагддаг дүр төрх. Миний үзсэн газраас авсан зураг бол уулыг эгц харж өндрөөс авсан байрлалтай. Бөхийн өргөөний 1500 суудал пиг дүүрчээ. Нүд тусах газар бүрт эрчүүд харагдана. Эрчүүд үзэж, эрчүүд барилдаж, эрчүүд шүүж, эрчүүд хойморт тухална. Ингээд би аль болох ёслол төгөлдөр дуугаар Засгийн газрын тогтоолыг уншлаа. Энэ өдрөөс эхлэн Бурхан Халдун хайрханыг Үндэсний бахархалт хайрхан гэх боллоо.
   
    Хайрханыг өөрийн нүдээр харсан маань 2013 оны арванхоёрдугаар сард ач тусаа өгсөн билээ.
    Энэ үед би Франц улсад ажлын айлчлал хийж, ЮНЕСКО-гийн чуулганд оролцлоо. ССАЖЯ-ны гадаад харилцааны хэлтсийн дарга С.Ардак маань Гадаад харилцааны яам, Франц дахь Монгол Улсын Элчин сайдын яамаар дамжуулан ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвийн төвийн захирал Кишор Раотай уулзах хүсэлтийг минь  удаа дараа явуулсан байв. Гэвч намайг Парист очих хүртэл  уулзалтын цаг шийдэгдээгүй байлаа.
   
    Парис руу намайг дагаж өөрийн зардлаар явсан Жеффри Фолт нэг өдөр, “Би ЮНЕСКО-д ажилладаг хамаатныхаа хүнтэй үдийн хоол иднэ, чи хамт очих уу” гэв.    
   
    “Хэн? Чиний хамаатан ЮНЕСКО-д байдаг юм уу?”
   
    “Эрик Фолт” гэж Жефф нэг сонин үзүүлээд, “Энэ байна” гэж заав. Түүний барьсан сонин нь “Монгол Мессенжер” байх бөгөөд тэр дугаарт УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд ЮНЕСКО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын гадаад харилцаа хариуцсан орлогч ноён Эрик Фолттой уулзав гэсэн мэдээ байх нь тэр.
   
    “Тэгэлгүй яахав, хамт уулзая. Би нэг уулзалтын цаг авах гээд бүтэхгүй байгаа юмсан, танай хамаатнаас гуйчихвал яах бол?” гэж  асуухад Жефф, “Болох байлгүй дээ. Болохооргүй бол чамд шууд л хэлнэ биз” гэв.
   
    Ингээд Парист очсон хоёр дахь өдрөө Жеффийн хамт ЮНЕСКО-гийн байранд даруухан үдийн хоолонд орлоо. Эрик Фолт бол Жеффээс залуу, энэтхэг маягийн эр байх бөгөөд энэ хоёр хэд дэх үеийн ямар хамаатнууд болохоо хоорондоо ихэд сонирхон ярилцана. Эрик Фолт хөвгүүдтэй, Жефф охидтой аж. “Фолтын удмыг танайхан л үргэлжлүүлэх юм байна даа” гэж Жефф Эрикт хэлээд инээлдэцгээнэ. Би энэ зуур Монголоос Францыг зорьж ирсэн гол ажлаа яаж амжуулахаа бодож суув.
   
    “За Жеффийн гэргий, танд би юугаар тусалж чадахсан бол?” гэж Эрик надад хандлаа.
   
    “Дэлхийн соёлын өвийн төвийн захиралтай гуравхан минут  уулзах хэрэгтэй байна” гэж би шуудхан гуйлаа.
   
    “Ямар асуудлаар?”
   
    “Бурхан Халдун уулыг дэлхийн өвд бүртгүүлэх өргөдөл манай улс өгсөн байгаа. Тэр асуудлаар”
   
    “За наадах чинь хэцүү дээ. Чингис хааны онгон дагшин нутаг гэсэн өргөдөл байдаг юм билээ. ЮНЕСКО бол улс болгоны хаадын нутгийг бүртгэх албагүй газар шүү дээ. Танай өргөдөл тэнцэхгүй гэдгээр буцсан байх аа даа”.   
    “Буцаагүй байгаа. Бид ямар ч хариу аваагүй байгаа. Намайг хөөцөлдөөрэй гэж олон хүн захиж явуулсан юм”.
   
    “Тийм үү. Гэхдээ л танай өргөдөл сэтгэгдэл төрүүлэхээргүй байсан гэж сонссон юм байна. Юугаараа тийм чухал юм бэ, тэр уул чинь?”
   
    “Та бодоод үз. Монгол бол мал аж ахуйн орон. Мал их бэлчдэг газар цэцэг гэхээр зүйл үлдэхгүй малын хөлд нэрвэгддэг юм. Одоо манай улс уул уурхайн нутаг болж байна.  Ан гэж бас нэг зүйл байна. Мал, ан агнуур, уул уурхай, хотжилтод нэрвэгдээгүй гол мөрөн, уул ус бараг байхгүй атал Бурхан Халдун ууланд бүх төрлийн ургамал амьтан яг л Чингис хааны үед байсан хэвээрээ үлдсэн. Яаж энэ эко систем бүхлээрээ үлдсэн бэ гэхээр ердөө л соёлын хүчээр. Тахилгын соёл гэдэг биет бус соёлын хүчээр асар уудам нутгийг онгон дагшнаар нь авч үлдсэн. Одоо Монголд төрийн тахилгатай 11 уулс байна, тэр бүх уулс, тэдгээрийн орчны эко систем бол бүрэн бүтнээрээ үлдэж байгаа дэлхийн нэг хэсэг. Арван гуравдугаар зуунд нисэж байсан эрвээхэй,  жиргэж байсан шувуу,  ургаж байсан ургамал тэнд л хадгалагдан үлдсэн” гэж би тайлбарлав.
   
    “За за, Оюунаа” гэж Эрик яриа таслаад, “Би чамайг Дэлхийн соёлын өвийн төвийн захиралтай яг одоо уулзуулъя. Чи түүнд энэ бүхнээ тайлбарла. Их эртний соёл юм байна, чухал уул юм гэдгийг ойлголоо” гэв.
   
    Үдийн хоолны заалнаас гарангуут Эрик намайг дагуулан, Дэлхийн соёлын өвийн төвийн захирлын өрөөнд шууд явж орчихлоо. “Энэ хүн Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын сайд хүн. Тантай гурван минут уулзая гэж хүссэн юм. Та түүний ярихыг сонсоно уу” гэж Эрик, Кишор Рао даргад найрсгаар хэлээд, “Жефф бид хоёр үүдний уулзалтын өрөөнд хууч хөөрч байя” гээд гарав.
   
    Кишор Рао гуай намайг намхан сэтгүүлийн ширээний ард суулгаад,  үл итгэсэн царайгаар өөдөөс цоо ширтэнгээ, “Танд гурван минут байна” гэж товч командлав.
   
    Би Эрикт ярьсан  зүйлээ бараг тоть шиг давтан, түүн дээрээ нэмж Нууц товчооны хэдэн мөрүүдийн тухай тайлбарлаад, хамгийн гол нь Бурхан Халдун хайрханд саяхан очиж үзэхэд “Цатгалан могой багтамгүй” өтгөн торлог, өнөөх л XIII зуунд бяцхан Тэмүүжингийн  нуувч болж байсан өтгөн сахлаг өвс ногоо, тунгалаг горхиуд тэр чигээрээ байгааг харсанаа товч тодорхой тайлбарлав. Ингээд “Танаас ганц зүйл гуйя. Монгол Улсын өргөдлийг дэмжээч. Уул тахилгын соёлыг маань дэлхийн өвд бүртгэвэл голын эх, уулын эко системийг хадгалж хамгаалдаг бас нэг арга барилыг дэлхий нийт мэдэж авах болно. Хуулийг өөрчилдөг, зарлигийг хүчингүй болгодог, харин соёлыг тийм амархан хүчингүй болгож чаддаггүй. Хэчнээн олон төр солигдсон ч хүчингүй болоогүй учраас л Бурхан Халдун хайрханы онгон дагшин байдал эвдэгдсэнгүй” гэж үгээ дуусгалаа.
   
    “За би ойлголоо” гэж Дэлхийн соёлын  өвийн төвийн захирал хэлээд, “Гэхдээ нэг зүйлийг үнэнээр нь хэлэх хэрэгтэй. Таны сая надад ярьсан зүйл танай Монголын өргөдөлд байхгүй байсан. Та өргөдлөө авч үзээрэй”.
   
    “Бид өргөдлөө засаж болох уу?”
    “Засаж болно оо. Өргөдлөө хурдан засаад явуулна гэвэл бид танай өргөдлийг татгалзаж буцаах биш, харин танай хүсэлтээр нэмэлт мэдээлэл оруулахыг зөвшөөрч буцааж болох юм”.
   
    “Тэгвэл бид өргөдлөө нэмж засъя”.
   
    Энэ ярианаас хойш сарын дараа Бурхан Халдун хайрханыг дэлхийн өвд бүртгүүлэх Монголын өргөдөлд засвар, нэмэлт хийхийг зөвшөөрч буцаасан байлаа. С.Оюун сайдад би ЮНЕСКО-д хийсэн уулзалтуудынхаа тухай дэлгэрэнгүй тайлагнасан болохоор сайд нэмэлт материалд гарын үсэг зурахын өмнө над руу өргөдлийг хянуулахаар явуулжээ. Хоёр зуун хуудас орчим дэлгэрэнгүй урт материалыг нэгбүрчлэн уншихад үнэхээр л миний Парист очоод ярьсан зүйлс тусгагдаагүй байв. Тэдгээрийг өгүүлбэр өгүүлбэрээр нь найруулан бичиж, өргөдлийн хаана, яаж оруулахаа үндэсний соёлын эксперт Н.Уртнасан гуайтай зөвлөлдөж тусгаад С.Оюун сайдад илгээв.
   
    Энэ материалыг хянаж үзээд, ЮНЕСКО Монголын өргөдлийг хүлээн авч, манайх руу 2014 оны зун техникийн хоёр шинжээч явуулахаар болжээ. ЮНЕСКО бүртгүүлэх магадлал муутай өргөдөлд ийм шинжээч томилдоггүй тул бид амжилт ойртож байгааг мэдэрч ихэд баярлав.
   
    Гэвч тайвшрах болоогүй! Бурхан Халдун хайрханыг бүртгүүлэхэд бэлтгэж, Хэнтий рүү би дахин аялав. Энэ удаад Өмнөдэлгэр, Батширээт сумуудаар нэмж орж, Балданбэрээвэн хийдэд болон Мөнгөнморьт сумын төвд иргэдтэй уулзалт хийлээ. Энэ удаагийн аяллын үеэр эрдэмтэн Г.Аким гуай, үндэсний эксперт Уртнасан гуай, генерал Л.Пүрэвдорж  нар надад түүхэн жимүүдийг үзүүлж газарчлав.
   
    Удсан ч үгүй ЮНЕСКО-гийн шинжээч хоёр бүсгүй Монголд ирж, өөрсдийн тогтоосон маршрутын дагуу уулыг маань болон эргэн тойрны соёлын өвийг, иргэдийнх нь үзэл бодолтой хамт судлалаа. Тэдний нэг нь ботаникч, нөгөө нь түүхч байв. Тэд Монголоос ганзага дүүрэн олзтой, өндөр сэтгэгдэлтэй буцсан юм. Хамгийн гайхалтай нь хайрхан дээгүүр нисдэг тэргээр нисэж, ойн цоорхойд  буухад өмнө нь хэдэн шилмүүст мод харагдаж гэнэ. Ботаникч эмэгтэй түүнийг шинжээд, “Төв Азид ургадаг байсан, одоо нэгэнт устсан гэж эрдэмтэд үздэг ховор одой хуш мод байна” гэж Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын дарга Б.Хашмаргадад хэлээд, уг ховор модны зургийг ар өврөөс нь зөндөө авчээ.
           
    Бурхан Халдун хайрханыг ЮНЕСКО-д бүртгүүлэх ажил дараагийн Засгийн газар дамжин үргэлжлэв.  2015 оны долдугаар сарын 9-нд Бонн хотод хуралдсан ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны З9 дүгээр чуулганаар “Их Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” хэмээн нэр дэвшсэн Монгол Улсын өргөдлийг хуралдаанд оролцогч орнууд 100 хувь дэмжиж, Бурхан Халдун хайрхан дэлхийн өв болж бүртгэгдлээ. Энэ хурлын үеэр бусад улс орны дэмжлэгийг авахын тулд Франц дахь Монгол Улсын Элчин Сайдын Яамны ажилтнууд онцгой сайн ажилласан гэдгийг хүмүүс бахархан ярьж байв.
   
    Дэлхийн өвд өөрийн өв соёлыг бүртгүүлснээр Монгол Улс, иргэд бид бүгдээрээ асар том үүрэг амлалт авсан гэсэн үг. Юуны өмнө өдий болтол хадгалж хамгаалж ирсэн соёлын өвөө устгахгүй гэсэн амлалт өгчээ. Мөн онгон дагшин газраа ухаж төнхөхгүй, хотжуулахгүй, байгаль орчны доройтолд оруулахгүй гэж бид амласан гэсэн үг. Цаашилбал, өдгөө хүртэл өвлөгдөж ирсэн өв соёлоо судална, сэргээнэ, арчилж ирээдүй хойч үедээ үлдээнэ гэж амлалаа. Мөн үүнд шаардагдах хөрөнгө мөнгийг гаргана гэсэн хэрэг юм. Эдгээр амлалтуудыг биелүүлэхийн тулд дэлхийн өвийг хамгаалах хүмүүсийг томилж ажиллуулна, тэд нь хамгаалалтын төлөвлөгөө боловсруулж, орон нутгийн иргэдийг сургаж, үнэ цэнтэй зүйлийнх нь тухай тогтмол мэдлэг олгоно гэж бид өргөдлөөрөө амласан.
   
    Дэлхийн өвд багтсан газар нутагт уул уурхайг үл ойртуулж, харин аялал жуулчлалыг  байгаль орчин, эко систем, соёлын өвд тааламжтайгаар зохион байгуулах ёстой боллоо. 



Copyright 2016 Oyungerel Tsedevdamba

Contact me directly at oyunlt@gmail.com